Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин хэт баяжих явдлыг “засах”-аа амлав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Мягмар гарагт болсон коммунист намын санхүү, эдийн засгийн хорооны хуралдаанд оролцохдоо хэт баяжих явдлыг “засаж залруулах” талаар ярьсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал тэр “Хэт баяжих үзэгдлийг зохицуулж, өндөр ашиг орлого олж буй этгээдүүдийг мөнгөнөөсөө нийгмийн сайн сайхны төлөө буцааж зарцуулдаг болгох” арга хэмжээ авахыг засгийн газартаа даалгасан байна.

Өөрөөр хэлбэл дундаж давхаргыг тэлэх, нийтээрээ жигд хөгжиж дэвших бодлого барьж ажиллахыг даалгажээ.

Сүүлийн үед Бээжингийн эрх баригчид тус улсын томоохон хувийн компаниудад тавих хяналтаа чангалж эхлээд байгаа.

Энэ оны хоёрдугаар улиралд ашиг нь огцом өссөн Хятадын технологийн аварга компани Tencent саяхан нийгмийн тусын тулд илүү ихийг зарцуулах тухайгаа амласан нь үүнийг харуулж байна.

Хятадын төрийн хэвлэлд энэ сарын эхээр Tencent компанийн бүтээсэн компьютер тоглоомуудыг “оюун санааны хар тамхи” хэмээн нэрлэж, хүүхдүүдийн хэрэглээнд тавих хяналтыг нэмэгдүүлэх санааг дэвшүүлж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын засгийн газар Алибаба компанийн санхүүгийн салбар Ант Группын хөрөнгө босгох IPO төлөвлөгөөг зогсоосон нь тус улсын тэргүүн баян Жэк Магийн хувьд том цохилт болсон юм.

Тэр үеэс хойш технологийн олон компани хяналт шалгалтад өртөж, их хэмжээний мөнгөн торгууль хүлээгээд байна.

Зургаадугаар сараас хойш Хятадын мэдээллийн технологи, био технологийн салбарын 20 гаруй тэрбумтны хөрөнгийн нийт хэмжээ 16 хувиар буурсныг Financial Times мэдээлжээ.

Одоогоор Nongfu Spring савласан ус үйлдвэрлэгч компанийн тэргүүн Зонь Шаншан $72 тэрбумын хөрөнгөөр Хятадын хамгийн баян хүнд тооцогдож байна. Нэг үе хамгийн баянд тооцогдож байсан Жэк Магийн хөрөнгийн хэмжээ түүнийхээс $24 тэрбумаар бага байгаа юм.

Ши Жиньпиний бодлогын хүрээнд Хятадын засгийн газар хөрөнгийн өсөлтийн, өв залгамжлалын, үл хөдлөх хөрөнгийн татваруудыг нэвтрүүлж магадгүй байгааг ажиглагчид мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian