Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөр эрхэлж буй гурван хүн тутмын нэг нь долоо хоногт 48-аас илүү буюу хэт их цагаар ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад 2020 оны байдлаар хөдөлмөр эрхэлж буй гурван хүн тутмын нэг нь хэт их цагаар буюу долоо хоногт 48 цагаас илүү цагаар ажилласан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Гэхдээ уг судалгаанд хөдөө аж ахуйн салбарынхан ороогүйг тодотгоё.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас долоо хоногт 48 цагаас илүү цагаар ажилласан бол хэт их цагаар ажиллагч гэж тооцдог бөгөөд ажлын цагийг жендерийн мэдрэмжтэй зохицуулах нь зохистой хөдөлмөрийг тодорхойлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг юм. 

Энэ хүрээнд уртасгасан болон хэт их цагаар үргэлжлүүлэн ажиллах нь хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулахаас гадна энэ нь ажил болон гэр бүлийн амьдралын хоорондын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, улмаар ажлын бүтээмжийг бууруулдаг гэж үздэг. 

 
Эх сурвалж: ҮСХ

Хүйсээр авч үзэхэд таван эрэгтэй ажилтан тутмын хоёр нь, таван эмэгтэй ажилтан тутмын нэг нь илүү цагаар ажиллаж байв. Энэ үзүүлэлт нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр байгааг илтгэж байна. 

 
Эх сурвалж: ҮСХ

Эмэгтэйчүүдийн илүү цаг ажиллаж буй салбар нь худалдаа, үйлчилгээ бол эрэгтэйчүүдийн хувьд аж үйлдвэр, барилгын салбарт, тэр дундаа машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагчаар ажиллаж байгаа нь тэднийг илүү олон цагаар ажиллах үндсэн шалтгаан болж байгаа юм.

 
Эх сурвалж: ҮСХ

Насны бүлэг дэх хүйсийн ялгааг авч үзэхэд бүх насны бүлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их, 15-19 насны бүлэгт 4 дахин их, 20-39 насны бүлэгт 28.3-39.9 нэгжээр, 40-64 насны бүлэгт 20.4-31.1 нэгжээр их байна.

Илүү цагаар ажиллаж байгаа нь ажиллагсдын цагийн цалин хөлс хангалтгүй байгааг харуулж буй нэг үзүүлэлт юм.

 
Эх сурвалж: ҮСХ

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо