Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” ХХК-д бүтцийн өөрчлөлт хийх, ТӨБЗГ-ыг корпорац болгох асуудлыг хэлэлцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг корпорац болгон өөрчлөх асуудлыг танилцуулжээ.  

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэс Монгол компанийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх үүднээс өөрчлөлт хийе гэж Засгийн газар зорьж байгаа. Энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас танилцуулга хийгдэнэ.

Одоогоор манайд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн төрийн өмчийн оролцоотой 500 гаруй ААН байдаг. Үүнээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд хяналтад 107 хуулийн этгээд байна. Тэдгээр ААН‑үүдийн заримд нь ТӨБЗГ өөрөө шууд хяналт тавьдаг, заримд нь яамдууд хяналт тавьдаг.

Төрийн өмчийн харилцаанд орж эхэлснээс хойш төр удирддаг эсвэл холимог тогтолцоогоор аль алинаар явж ирсэн. Одоо бол холимог хэлбэрээр байна. Үүнийг цаашид яамдуудын хяналтад тарааж байршуулах уу эсвэл нэгдмэл байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь корпорацын зохион байгуулалтад ороод санхүү, үйл ажиллагааг нь бүрэн хяналтдаа байлгах уу бүр эсвэл одоогийн холимог хэлбэрээр явуулах уу гэдэг судалгааны материалыг өнөөдөр танилцууллаа.

Үүнийг хэлэлцээд яамдуудаас саналыг нь аваад цаашид ямар бүтцээр авч явах вэ гэдгийг шийднэ" гэв.