Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Помпейн булшнаас маш сайн хадгалагдаж үлдсэн хүний шарил олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Үс, нүд, яс зэрэг эд зүйлс нь маш сайн хадгалагдаж үлдсэн хүний булшийг эртний Помпей хотын балгаснаас илрүүлснээ Италийн судлаачид зарлажээ.

Булшинд ямар хүнийг оршуулсан талаар мэдээлэл байсан нь хосгүй ховорт тооцогдож байна.

Булшинд оршуулсан хүнийг Маркус Венериус Секундио гэдэг байжээ. Тэр боол байгаад сүүлд чөлөөлөгдөж, энгийн иргэн болсон байна. Ромын үед талийгаачдыг чандарладаг байсан тул ийм үнэтэй ховор олдвор урьд өмнө илэрч байгаагүй гэнэ. Хагас муми хэлбэртэй шарилын толгойд цагаан үснүүд нь хүртэл хадгалагдаж үлдсэн байна.

 

Секундиог Помпей хот Везуви галт уулын дэлбэрэлтэд өртөж, сүйрэхээс олон жилийн өмнө оршуулсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

Помпейн Венус бурхны сүмд сахиулаар ажилладаг байсан тэрбээр 60 орчим насандаа таалал төгссөн болохыг эрдэмтэд бас тогтоосон байна.

Секундио боолоос энгийн иргэн болоод нийгмийн статус нь амжилттай дээшилснийг тусгай бунханд оршуулснаас харж болохоор байгаа ажээ.

Үүнээс гадна Секундиогийн булшны толгой хэсэгт тухайн үед Помпейн театрт тоглодог байсан жүжгийн эшлэлийг Грек хэл дээр сийлснийг олсон байна.

 

“Театрт Грек хэлээр жүжиг тавьж байсан нь тухайн үеийн Помпей хот соёлын хувьд ямар нээлттэй байсныг харуулж байна” гэж Помпейн археологийн паркын захирал Габриэл Зуктригель онцолжээ.

Италийн соёлын сайд Дарио Франческини “Помпей биднийг гайхшруулж дуусах болоогүй байна” гэж шинэ олдворын талаар бахархан ярьсан байна.

Эртний Ромын Помпей хот нийтийн тооллын 79 онд дэлбэрсэн Везуви галт уулын үнс нурманд дарагдсан юм. Хотын балгасыг олон жилийн өмнөөс малтаж эхэлсэн ч археологийн үнэт олдворууд өнөөдрийг хүртэл илэрсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian