Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Кабулын нисэх буудалд хүний амь үрэгдсэн хэргүүдийг Пентагон шалгаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Талибаны дэглэмээс зугтсан афганчууд Кабулын олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгээд байгаа.

Даваа гарагаас эхлэн тус улсаас гарах иргэний нислэгүүдийг зогсоосон юм. Харин АНУ тэргүүтэй холбоотон орнуудын цэрэг, техник, иргэд, дипломатчдыг Афганистанаас гаргах тусгай нислэгүүд үйлдэгдэж байна.

АНУ-ын агаарын хүчний нисэх онгоц хөөрөх үеэр хэд хэдэн энгийн хүний амь үрэгдсэн хэргийг шалгаж эхэлснээ Пентагон өчигдөр мэдээлжээ.

Даваа гарагт C-17 ачаа тээврийн нисэх онгоц хөөрөх үеэр олон афган хүн онгоцноос зүүгдэж, хоёр ч хүн унаж байгаа нь сошиал сүлжээнд тарсан дүрсэнд бичигдсэн юм.

Пентагоны мэргэжилтнүүд дээрх бичлэгүүдийг нарийвчлан шалгаж эхэлсэн байна.

Мөн Афганистанаас Катарт газардсан АНУ-ын армийн нисэх онгоцны дугуйн бүхээгнээс нэг хүний цогцос олдсоныг шалгаж эхэлжээ.

Пентагон хэвлэлийн төлөөлөгч Энн Стефанек амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ч хэдэн хүн амь үрэгдсэн тухай хэлээгүй байна.

“Ачаагаа буулгаж амжаагүй байсан онгоцыг нисэх буудлын хязгаарлалтын шугамыг зөрчсөн олон зуун афганчууд тойрон хүрээлсэн. Нөхцөл байдал ноцтой болж ирсэн тул C-17 онгоцны багийнхан яаралтай хөөрөх шийдвэр гаргасан байна” гэж Стефанек сошиал орчинд тарсан дүрс бичлэгний талаар тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP