Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг найман сарын дараа тариулах зөвлөмж АНУ-д гарах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд нас харгалзалгүйгээр бүх Америкчуудыг хамруулах зөвлөмжийг АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтнүүд гаргах гэж байгаа талаар эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ хоёр дахь тунг тариулснаас хойш найман сарын дараа гурав дахь тунг тариулахыг зөвлөх дээр санал нэгдсэн гэнэ.

Мэргэжилтнүүдийн судалгаанд суурилсан зөвлөмжийг энэ долоо хоногт багтаан Байдены засаг захиргаанд танилцуулах төлөвтэй байгааг уг асуудалд ойр ажиллаж буй хоёр эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар дархлаа султай буюу эмзэг бүлгийн хүн амыг вакцины гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргасан юм.

Тус улсын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал, доктор Фрэнсис Коллинз ойрын хоёр долоо хоногийн дотор вакцины гурав дахь тунгийн талаар шийдвэр гаргах боломжтойг Ням гарагт телевизээр ярьж байв.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд, асрамжийн газрын ахмадууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамгийн анх хамрагдаж эхэлсэн юм.

Тэр үеэс хойш АНУ-д нийт 198 сая гаруй хүн вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Үүнээс 168 сая гаруй нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Одоогоор дэлхийн улс орнуудаас зөвхөн Израйль улс таван сараас дээш хугацааны өмнө вакцины хоёр дахь тунд хамрагдсан 60-аас дээш настнууддаа гурав дахь тунг тарьж эхлээд байна.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ядуу буурай орнуудын иргэдийн тодорхой хувь вакцины эхний тунд хамрагдаж дуусах хүртэл гурав дахь тунгаа хойшлуулахыг өндөр хөгжилтэй орнуудад уриалж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press