Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдаас 37 ширхэг тарвага худалдан авч, хадгалж байсныг илрүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан иргэний үйлдлийг өнөөдөр илрүүлжээ.

Тус зөрчилд хяналт шалгалт хийж, хуульд заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлээд байгаа аж.

Мөн шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

Гэвч иргэд цахим хуудсаар дамжуулан хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг ихээр үйлдэж байгаа тул хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт:

  • Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.​