Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэбилэг: Зөрчлийн хэргийн 97.5 хувийг өршөөлд хамруулсан

П.Батзаяа, Өдрийн сонин
2021 оны 8 сарын 17
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Монгол Улсын Их хурлаас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Зөрчлийн хэрэг болон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийг өршөөх талаар тусгасан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэгээс тодрууллаа.

-Өршөөлийн тухай хуулиар Зөрчлийн хэрэг болон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх талаар тусгасан. Энэ хуулийн хэрэгжилтэд прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуулиар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үндсэн хоёр хэлбэрээр өршөөхөөр хуульчилсан.

Нэгдүгээрт, 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнөЗөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдсон хүн, хуулийн этгээдийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгох.

Хоёрдугаарт, 2021 оны эургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хүн хуулийн этгээдийг шийтгэлээс өршөөн чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтан, шүүхээс шийдвэр гарч өршөөхөөр хуульчилсан.

Тиймээс Зөрчлийн тухай хуульд заасан бүх хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулна гэж ойлгож болохгүй.

Тухайлбал, 32 төрлийн зөрчил, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил гэсэн хоёр бүлэг зөрчлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй.

Иргэдийн сайн мэддэг зөрчлөөс дурдъя л даа.

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, Хог хаягдлын тухай хууль зөрчих, Тамхины хяналтын тухай хууль зөрчих, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөг бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих, Бэлгийн дарамт учруулах, Авто замын тухай хууль зөрчих, Сонгуулийн хуулийг зөрчих гэх мэт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.

Улсын Ерөнхий прокурорын газраас 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар нэгж прокурорын газруудад хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар албан бичиг хүргүүлж, эрх бүхий албан тушаалтнуудын гаргах эрх зүйн хэлбэрийн загвар зэргийг боловсруулан хүргүүлж, холбогдох мэдээ, мэдээллийг нэгж прокурорын газар, холбогдох эрх бүхий байгууллагуудаас авч ажиллалаа.

Нэгж прокурорын газрууд 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдож торгох, эрх хасах шийтгэлээр шийтгүүлж, шийтгэлийг бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй байсан хүн, хуулийн этгээдүүдийн судалгааг гаргах, тухайн судалгааг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад чиглэл өгөх, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн судалгааг гаргуулан авах зэрэг арга хэмжээ авч ажилласан.

-Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэчнээн хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн бэ?

-2021 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар нэгж прокурорын газруудаас хуулийн хэрэгжилт, зөрчлийн хэрэг болон шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан, шүүхээс өршөөн чөлөөлсөн талаарх судалгааг авч нэгтгэхэд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой 1,034 зөрчлийн хэргээс 1,009 буюу нийт хэргийн 97.5 хувийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой боловч шийдвэрлэгдээгүй үлдэж байгаа зөрчлийн хэргүүд ямар шалтгаантай юм бэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаа үндсэн шалтгаан нь зөрчлийн холбогдогч хаа байгаа газар нь тогтоогдоогүйгээс шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

-Зөрчил үйлдсэн хүнийг баривчлах, торгох, эрх хасах ялаар шийтгэдэг. Өршөөл үзүүлэх хуулийн хүрээнд хэчнээн хүнийг дээрх шийтгэлээс чөлөөлсөн бэ?

-Шүүхийн шийдвэрээр 897 хүнд холбогдох шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, баривчлах шийтгэлээс 654 хүнийг бүрэн, 228 хүнийг хэсэгчлэн чөлөөлсөн.

Баривчлах шийтгэлээс бүрэн өршөөн чөлөөлж байгаа гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.

Учир нь Өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас өмнө зөрчил үйлдсэн хүнд зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн хэргүүд хууль хэрэгжиж эхлэх үед шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцэж байгаагаас, нөгөөтээгүүр "Ковид-19" цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед баривчлах төв байрууд халдвар хамгааллын дэглэмийг сахих үүднээс түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотойгоор зарим хүний баривчлах шийтгэлийг эдлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Эдгээр баривчлах шийтгэлийг эдлээгүй байсан хүмүүсийн шийтгэлийг бүрэн өршөөн чөлөөлсөн байгаа.

Баривчлах шийтгэлээс хэсэгчлэн өршөөн чөлөөлнө гэдэг нь нэгэнт баривчлах шийтгэлээ эдлээд тодорхой хугацаа өнгөрсөн хүний үлдэх хугацааг өршөөн чөлөөлж байгааг ойлгох нь зүйтэй.

Харин шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдсон 14 хүн, нэг хуулийн этгээдэд холбогдох 2,650,000 төгрөгийн торгох шийтгэлийг бүрэн, 180,200 төгрөгийн торгох шийтгэлийг хэсэгчлэн өршөөн чөлөөлсөн.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан байсан нэг хүнд холбогдох эрх хасах шийтгэлийг оролцогчийн гомдлоор шүүх хянан хэлэлцээд тус тус өршөөн чөлөөлсөн байна.

Нэгж прокурорын газрууд 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуульд заасан торгох, эрх хасах шийтгэлээр шийтгэл оногдуулж, уг шийтгэлийг бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй байсан хүн, хуулийн этгээдийн судалгааг эрх бүхий байгууллагаар гаргуулан, чиглэл өгч ажилласны дүнд 836 хүн, 88 хуулийн этгээдэд холбогдох 287,800,000 төгрөгийн торгох шийтгэлийг бүрэн, 21,140,000 төгрөгийн торгох шийтгэлийг хэсэгчлэн, эрх хасах 12 шийтгэлийг бүрэн, нэг шийтгэлийн үлдсэн хугацааг өршөөн чөлөөлжээ.

-Өршөөл үзүүлэх тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээхээр болсон. Одоогоор хэчнээн хүний жолоодох эрхийг сэргээсэн байгаа вэ?

-Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг жолоочийн бүртгэлийн TPS, зөрчлийн оноо, торгох шийтгэлийг цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас сэргээх ажлыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Уг ажлын хэсгээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалт, 13, 30, 32 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 40,596 жолоочийн эрхийн мэдээллийн "Эрх хасагдсан" төлөвийг "Хүчинтэй" төлөвт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байна.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526,939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45,205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, 10-аас доош оноотой 481,734 жолоочийн мэдээллийг ялгаж,

  • 5,763 жолоочийн 10,
  • 7,953 жолоочийн ес, 
  • 11,988 жолоочийн найм,
  • 18,233 жолоочийн долоо,
  • 26,075 жолоочийн зургаа,
  • 45,449 жолоочийн тав,
  • 36,113 жолоочийн дөрөв,
  • 55,240 жолоочийн гурав,
  • 113,635 жолоочийн хоёр,
  • 161,285 жолоочийн нэг оноог тус тус сэргээсэн.

Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн "e-Mongolia" системээр дамжуулан цахимаар болон Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд захиалга өгсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн 5,356 хүний жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлээд байна.

-Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн хүний торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр заасан. Хэчнээн төгрөгийн торгох шийтгэлийг чөлөөлөхөөр болсон бэ?

-Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө торгуулж, торгох шийтгэлийг биелүүлээгүй 2,804,815 удаагийн 66,516,700,000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөн чөлөөлсөн байгаа.

Жишээлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүи согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаа.

Тухайн жолооч дээрх зөрчлийг 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө үйлдэж шийтгүүлсэн байсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хүчинтэй төлөвт шилжүүлсэн байгаа.

Мөн 400 мяган төгрөгийн торгох шийтгэлийн 200 мянган төгрөгийн шийтгэлийг торгуулийн мэдээллийн санд өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн чөлөөлсөн бөгөөд одоо тухайн жолооч үлдсэн 200 мянган төгрөгийн торгуулиа 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлснөөр тухайн жолоочийн шийтгэл өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдана гэсэн үг юм.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бусад төрлийн зөрчлийн хэрэгт оногдуулсан байсан 2,167,345,000 төгрөгийн торгох шийтгэлийг бүрэн чөлөөлсөн байна.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх үү?

-Чөлөөлөгдөхгүй.

Хэдийгээр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа, шийтгэлээс чөлөөлж байгаа ч гэсэн хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг нөхөн төлөх, зөрчлийн үр дагаврыг арилгах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирсон хүн, хуулийн этгээд холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар нээлттэй байхаар хуульчилсан байгаа.

Зураг