Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны дэглэмийн үед Афган эмэгтэйчүүдэд ямар хууль үйлчилж байв?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Исламын хуучинсаг үзэлт Талибан хөдөлгөөнийхөн Ням гарагт нийслэл Кабулыг эзлэн авснаар Афганистанд бүрэн хяналтаа тогтоогоод байна.

Тэд 1990-ээд оны үед Афганистаныг хяналтдаа авч, 2001 онд АНУ-ын цэрэг орж ирэх хүртэл өөрийн харгис бурангүй дэглэмийг тогтоож байсан юм.

Өнөөдөр Афганистаны эмэгтэйчүүд дахин харгис дэглэмийн дор амьдарч, эрх чөлөөгөө алдахаас айцгааж байна. Харин Талибанчууд энэ удаа өмнөхөөсөө өөр маягаар засаглаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа амлаж байгаа.

Гэвч Афганистаны зарим нутагт хуучин дэглэм сэргэж, охидыг сургуульд сурах, эмэгтэйчүүдийг гадуур ганцаар явахыг хориглож эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Талибаны өмнөх дэглэмийн үед Афганистаны эмэгтэйчүүдэд ямар хууль дүрэм үйлчилж байсныг 2001 онд хэвлэгдсэн АНУ-ын төрийн департментын тайланд дараах байдлаар дурджээ.

  • Эмэгтэйчүүд толгойноосоо хөлийн хуруу хүртлээ битүү хувцас өмсөх ёстой
  • Маш ховор тохиолдлоос бусад үед ажил хөдөлмөр эрхлэх хориотой
  • Охид бүсгүйчүүд сургуульд сурах хориотой
  • Эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах хориотой
  • Ойр төрлийн эрэгтэй хүн дагуулалгүйгээр гэрээс гарах хориотой
  • Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай автобусаар зорчино. Зөвхөн ойр төрлийн эрэгтэй хүнтэй хамт таксигаар зорчиж болно.
  • Олон нийтийн газарт танихгүй эрэгтэйтэй хамт байх хориотой.
  • Эмэгтэйчүүдээ нуухын тулд айл өрхүүд цонхоо будах ёстой.

Хэрвээ дээрх хууль дүрмүүд зөрчигдвөл олон нийтийн өмнө зодож жанчихаас эхлээд чулуугаар цохиж амийг нь бүрэлгэх хүртэл шийтгэл оноодог байжээ.

 

Эх сурвалж: Business Insider