Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хичээлийн хоцрогдол эцэг, эхчүүдийн төсөөлж байгаагаас ч удаан үргэлжлэх эрсдэлтэй тул багш нар, хүүхдэдээ итгээрэй"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. 

2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлнэ. Сүүлийн хоёр хичээлийн жилийн талаас илүү хувьд зайнаас суралцсан хүүхдүүд агуулгын хоцрогдлоо нөхөх, сургуулийн орчинд эргэн дасах, багшдаа ээнэгших зэрэгт тодорхой хугацаа шаардагдана. 

Энэ үед хүүхдийн сэтгэл зүйн асуудалд хэрхэн анхаарах талаар сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд зөвлөж байна. 

Тэрбээр ахлах, дунд ангийн сурагчдад зориулан дараах зүйлсийг зөвлөлөө. Эдгээр нь

  1. Хамгийн эхэнд хэвшүүлэх ёстой дадал бол эрт унтаж амрах юм. Иймд хичээлийн шинэ жил эхлэх хүртэл хугацаанд сурагч та бүхэн эрт унтаж амарч байгаарай. Ингэснээр хичээлдээ бүрэн анхаарахад тустай. 
  2. Сэрүүн цагт өмсөх дулаан, биед эвтэйхэн хувцсаа бэлдэх нь зүйтэй.
  3. Хоол хүнсэндээ анхаарч, өөрсдийн идэх хүнсэндээ анхаарч хэвшээрэй. 
  4. Долоо хоногийн төлөвлөлтийн дэвтэртэй болоорой. Тухайн долоо хоногт орох хичээлүүд, даалгавраа хэзээ хийх зэрэг ерөнхий төлөвлөгөөг бүхэлд нь харахад төлөвлөлтийн дэвтэр туслах болно. Цаашлаад сар, улирал, жилээр нь ажлаа төлөвлөж сурах дадалтай болох юм. Энэ нь дунд болон ахлах ангийн сурагчдад маш чухал.
  5. Хичээл хийх орчноо бэлдэх. Өөрт тухтай, сэтгэлд таатай нөхцлийг бүрдүүлэхүйцээр тухайн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл урам өгөх уриа үг, шаардлагатай утасны дугаар, хичээлээ давтах интернэт хаягууд, багш нарын цахим шуудангийн хаяг гэх мэт хэрэгцээт зүйлээрээ орчноо бүрдүүлэхэд нь эцэг эхчүүд хүүхдэдээ туслаарай.
  6. Гар ариутгагч, амны хаалт, усны сав зэрэг хэрэгцээт зүйлсийг нь бүрэн бэлдэж өгөхөд эцэг эхчүүд анхаарахыг хүсэж байна.

Түүнчлэн тэрбээр "Цар тахлын үед хүүхдүүдэд аль нэг түвшинд түгшүүр үүссэн байгаа. Зөвхөн цар тахлын үе гэлтгүйгээр энгийн үед ч хүүхдүүдэд хичээлдээ эргэн ороход дасан зохицох хугацаа хэрэгтэй байдаг. Иймд эцэг эхчүүд тулган шаардахгүйгээр тэвчээртэй хандаж, тайвшруулж, ярилцан зөвлөх нь хамгийн чухал.

Дараа дараагийн удаад хичээл сургалтын хэлбэр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Цаг үе бүхэлдээ тодорхойгүй байгаа тул сэтгэлээ бэлдэж, юу ч болж байсан гэсэн багш, хүүхэд, эцэг эхчүүд БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ гэх нэг л зорилгын төлөө байгаа тул хүлээцтэй байх нь зөв юм.

Цар тахлын нөлөөгөөр хичээлийн хоцрогдол ихээр үүсээд буй. Үүний уршиг таны төсөөлж байснаас ч урт хугацаанд үргэлжилж эрсдэлтэй тул багш болон хүүхдэдээ итгэж, тайван байх нь хамгийн чухал юм" гэлээ. 

Мөн хэн нэгэн ойр дотны хүн, ангийн сурагч нь цар тахлын халдвар авсан бол ялгаварлан гадуурхахгүй байх нь хамгийн чухал гэдгийг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд онцолж байна.

Шууд үзэх:
https://fb.watch/7pPQhq9BWT/