Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв хэсэгт үер болсны улмаас 21 хүн амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Төв Хятадын Хубэй мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, 21 хүн амь үрэгдсэн тухай өчигдөр албаныхан мэдээлсэн байна. Өнгөрсөн сард тус мужийн хөрш Хэнань мужид бас үерийн гамшиг нүүрлэхэд 300 орчим хүний амь үрэгдсэн юм. 

Хубэй мужид цахилгаан эрчим хүч тасалдаж, хөрсний нуралт үүсч, олон зуун байшин барилга усанд автаж, 6,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

"Лхагва гарагаас эхлэн орсон аадар борооны улмаас тосгон суурингуудад үер бууж, 21 хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болоод байна" гэж Шиньхуа агентлаг Баасан гарагт мэдээлсэн байна. 

Хубэй мужийн Ичэнь хотод Пүрэв гарагт 480 мм хур тунадас унасан нь түүхэн дээд хэмжээ болжээ. Суйжоу хотод голын усны түвшин 2-3 метр нэмэгдсэн нь сүүлийн 30 жилд үзэгдээгүй явдал гэж орон нутгийн иргэд ярьж байна.

Сүүлийн жилүүдэд Хятад даяар үер усны гамшиг түгээмэл тохиолддог болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын баруун өмнөд Сичуань мужид үер буусны улмаас 100,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байв. Хүчтэй аадар бороо дараа долоо хоног хүртэл үргэлжлэн орж, Шар мөрний сав дагуух газар нутагт үерийн аюул учруулж болзошгүйг Хятадын Цаг Уурын Хүрээлэн анхааруулжээ.
 

Эх сурвалж: AFP