Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Виртуал хөрөнгийн зохицуулалтгүй улсад цахим залилан их байгаа бол зохицуулалтай улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Р.Оюун, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
 

Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянах тогтолцоо одоогоор байхгүй. Гэвч өнөөдрийн байдлаар энэ зах зээлд хэдийн 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгдчихсэн, дөрвөн бирж үйл ажиллагаа явуулж, олон койн бий болжээ. 

Тийм ч учраас хууль бус мөнгө угаах хэрэгсэл болгохгүй, терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулуулахгүй байх үүднээс ФАТФ Монгол Улсад өгсөн 40 зөвлөмжийнхөө 24 дүгээрт энэ тухай тусгаж, яаралтай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг анхааруулсан. 

Энэ хүрээнд 2020 оноос боловсруулж эхэлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зөв хэмээн үзэж, төслийг боловсронгуй болох үйл явц эд өрнөж байна. 

Тус хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлдэх Ажлын хэсэг Пүрэв (2021.08.13) гарагт Монголбанкан дээр хэлэлцүүлэг хийлээ. 

ТОДОРХОЙЛОЛТ: Виртуал хөрөнгө гэдэг нь дижиталаар арилжаалдаг, шилжүүлдэг эсвэл төлбөрийн болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэнийн дижитал илэрхийлэл.

Харин цахим мөнгө бол Монголбанкнаас бүртгэлжүүлэн, Төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд зохицуулагддаг, 1:₮1 гэж хуульд туссан төлбөрийн хэрэгсэл. Харин виртуал хөрнгө бол иргэд хоорондоо арилжаалдаг бөгөөд төлбөрийн хэрэгсэл биш гэдгээрээ ялгаатай. Үүнийг ялгаж салгах ойлголт өгөхгүй байгаа учраас иргэд залилуулах, эд хөрөнгөө алдах эрсдэл хуулийн зохицуулалтгүй орнуудад өндөр байдаг. Ийм хоёр шалтгааны улмаас хуулийг батлан гаргах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийг ахалж буй Н.Учрал тодотгов. 

Хуулийн гол зорилго нь 

  • Виртуал хөрөнгийг бүртгэлжүүлье
  • Арилжаанаас тодорхой хэмжээний татвар авдаг болъё. Энэ нь хянах нэг хэрэгсэл
  • Виртула хөрөнгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагад тодорхой 18 шалгуур тавьдаг болох. 

Үүнээс илүү нарийн гүнзгий зохицуулалт хийх нь сөрөг нөлөөтэй. Одоогийн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр бол тусгай зөвшөөрөл олгох, аудит хийх гэгчлэн  хэтэрхий нарийн зохицуулалтуудыг тусгасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа тэрбээр илэрхийлэв. 

“Байр, машинаа зараад криптовалют авдаг байдал хэзээ ч байж болохгүй. Иргэд зөв ойлгож, төрөөс анхаарч ажиллана”

 

Одоогийн байдлаар дэлхий дээр 81 улс криптовалютыг зөвшөөрч, 16 орон хориглож байгаа бол бусад нь ямар нэгэн тодорхой зохицуулалтгүй байна.

Криптовалютыг зөвшөөрч, зохицуулалт хийсэн орнуудад 

  • Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж  
  • Дижитал өрсөлдөх чадвар нэмэгдэж  
  • Иргэдийн амьдралын чанар сайжирч байгаа гэсэн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа бол

Зөвшөөрөөгүй ба хориглосон орнуудад 

  • Дижитал хэлбэрээр хөрнгө оруулалтуудад хязгаарлагдаж
  • Мөнгө хөрөнгө босгох санхүүгийн зах зээл эерэг нөлөө үзүүлэх үйлдэл гаргаж чадахгүй байна.
Харин огт зохицуулалтгүй байгаа улсад цахим залилан их явагддаг. Цахимаар худал хуурмаг крипто гаргаж арилжаалдаг, өөр зүйлд хөрөнгө оруулдаг болохыг Н.Учрал гишүүн онцолсон юм.

Тиймээс Монгол Улсын тухайд эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай ба ингэхдээ хэт нарийн зохицуулахдаа бус бүртгэлжүүлээд, татвар ногдуулж, тодорхой шалгууртай болох нь чухал хэмээн Ажлын хэсэг үзэж байна.

“Хуультай болсноор маш эерэг үзүүлэлтүүд бий болно. Бид хориглохгүй болно. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж, татвар ногдуулж байна. Үүнээс үүссэн эрсдэл, үр дагаврын талаар олон нийттэй хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаар давуу талууд бий болно. Цахим залилан, янз бүрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхгүй бол иргэд буруу ойлголтоосоо шалтгаалаад мөнгөө буруу зүйлд оруулж дампуурал хүлээх эрсдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа юм. 

Манай улс Дампуурлынхаа хуулиар хувь иргэний дампуурлыг хуульчилж өгөөгүй улс. Тэгэхээр хувь хүн дампуурсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээдэггүй. Энэ их эрсдэлдтэй. Ер нь криптовалют авч байгаа хүмүүс нэлээд судалж байж, компани, ААН-ийн мэдээллийг авч байж койнуудыг авах хэрэгтэй. Хоёрт, эрсдэлтэй учир санхүүгийн чадамжаа харж шийдвэр гаргах хэрэгтэй. Байр, машинаа зараад криптовалют авдаг байдал хэзээ ч байж болохгүй. Иргэд зөв ойлгож, төрөөс анхаарч ажиллана” хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэв.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 

  • 12,000 гаруй койн
  • 398 бирж дээр арилжаалагдаж байна. 
 

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалтгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэлэлцүүлгийн үеэр олон улсын чиг хандлагад виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөршөөрч эхэлж байгааг дурдсан юм. Тухайлбал, Сальвадор улс ийнхүү хүлээн зөвшөөрч, иргэн бүрдээ 30 доллартой тэнцэх хэмжээний криптовалют олгохоор мэдэгдсэн байна. Харин Их Британи төлбөрийн системд оруулахгүйгээр бүртгэх үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үнэт цаасны төрөл биш гэдгийг сануулж, арилжааг нь зохицуулж байгаа юм байна. 

2023 онд Монгол Улс ФАТФ-д үнэлгээний тайлангаа танилцуулах ёстой учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-аар аль болох яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг Б.Долгорсүрэн дурдсан юм.