Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д Ми-8 нисдэг тэрэг галт уулын нууранд унасны улмаас найман хүн сураггүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө ОХУ-ын Камчаткын хойгт жуулчдыг тээвэрлэж явсан Ми-8 нисдэг тэрэг унтарсан галт уулын тогоон дахь гүнзгий устай  нууранд унаж осолджээ.

Нисдэг тэрэгт нийт 13 жуулчин явснаас найм нь аврагдаж, тав нь сураггүй болсон байна. Мөн нисдэг тэрэгний экипажийн гурван гишүүн сураггүй болжээ.

Осол гарсан Курилийн нуур нь Кроноцкийн дархан цаазат газар оршдог юм байна. Тухайн үед нуурын ус Цельсийн 5-6 хэмийн температуртай байжээ.

Амьд үлдсэн хүмүүсээс хоёрынх нь бие хүнд бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн тухай ОХУ-ын онцгой байдлын яам мэдээлсэн байна.

Жуулчдын ихэнх нь Москва, Санкт Петербургийн оршин суугчид байжээ. Харин гадаадын иргэд байсан эсэхийг одоогоор мэдээлээгүй байна.

Осолдсон нисдэг тэргийг нуурын 137 метрийн гүнд, эргээс 700 метрийн зайтай газраас олжээ. Курилийн нуур 316 метр хүртэл гүн, 77 километр квадрат талбай эзэлдэг юм байна.

Ми-8 нисдэг тэргийг 37 жилийн өмнө буюу Зөвлөлт Холбоот Улсын үед үйлдвэрлэж, орон нутгийн Витяз-Аеро хувийн компани эзэмшдэг байжээ. 

Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд зургаан шумбагч, нийт 15 аврагч ажиллаж байгааг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард Камчаткын хойгт АН-26 нисэх онгоц осолдоход уг онгоцонд явсан бүх 28 хүн амь үрэгдсэн юм.

Витяз-Аеро компанийн тодорхой хэсгийг Камчаткын орон нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүн, саятан Игорь Редькин эзэмшдэг тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Хогийн сав ухаж байсан хүний амийг буудаж хөнөөсөн хэргээр Редькин энэ долоо хоногийн эхээр баривчлагдаж, одоо гэрийн хорионд байгаа юм.

Тэрбээр хохирогчийг баавгайтай андуурч буудсан хэмээн мэдүүлжээ. Камчаткын хойгт 20,000 орчим баавгай амьдардаг ба хоол хүнс хайж суурьшлын бүсэд орж ирэх үзэгдэл хааяа ажиглагддаг гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press