Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Даваацэрэн: Хөдөө хээр байгаа булш, хиргисүүрийг ухах, тонон дээрэмдэхээс сэргийлэхэд малчин иргэдийн оролцоо чухал

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ард иргэдийн оролцоо чухал байгааг Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн онцолж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь улсын иргэд болоод нийт хүн төрөлхтөн байдаг хэмээн тэрбээр хэлсэн юм. 

Манай улсад соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусган хуульчилж, мөрдөж эхэлсэн хугацаа буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 25 бүртгэгджээ. Харин соёлын өвийн эд зүйлийг хадгалагдаж буй музей, хийдээс нь хулгайлах төрлийн гэмт хэрэг жил тутамд нэмэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас сануулав

Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн "Соёлын яам нь соёлын өвийн эсрэг гэмт хэргийн гаралтыг 0-тэй тэнцүү байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Энэ хүрээнд зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. 

Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн болоод нийт хүн төрөлхтөн байдаг. Иймд гаргахгүй байх талаас нь бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь чухал байдаг. 

Цар тахалтай холбоотойгоор орон нутгийн музей болон бусад байгууллагад зохион байгуулалттай холбоотойгоор анхаарал суларсан байдал ажиглагдсан. Мөн дохиолол хамгаалалтын системийг сайжруулах, харуул хамгаалалтын ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Дээрх төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор иргэддээ хандан хоёр зүйлийг уриалмаар байна. 

Нэгдүгээрт, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, соёлын өвд учирсан хохирлыг бууруулахад бүртгэл маш чухал. Хуульд зааснаар өмчлөгч нь өөрт хадгалагдаж буй соёлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа.

Хэрэв эд зүйлсээ мэдээллийн санд бүртгүүлсэн бол учирсан хохирлыг бууруулах, хулгайлагдсан эд зүйлсийг үндэсний хэмжээнд цаашлаад олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах зэргээр олдох боломж нь нэмэгддэг. Иймд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшиж буй түүх дурсгалын болон соёлын эд зүйлсийг бүртгүүлэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, иргэдийн оролцоо. Хөдөө талд байгаа булш, туурь, хиргисүүрийг ухах, тонон дээрэмдэхээс сэргийлэхэд малчин иргэдийн оролцоо чухал бөгөөд соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэнийг урамшуулахтай холбоотой журам ч бий. 

Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн хохирлыг нэг хүн, нэг байгууллага биш нийт ард түмэн, цаашлаад хүн төрөлхтөн хохирдог гэдгийг дахин хэлмээр байна" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/7klhhvlAAf/