Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл далайд 30 гаруй машин, техник живсэн гэсэн тойм тоо байдаг ч хэд гэдгийг нарийн тогтоож чадаагүй байгаа. Далайн ёроолд шатахуун ачсан тээврийн хэрэгсэл ч цөөнгүй гэдэг нь тодорхой. 

Одоо эхний ээлжид далайн ёроолд байгаа Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргах судалгааны ажил ид үргэлжилж байна. Цаашид далайн усны чанарыг байнга судлах, хянах судалгааны төв байгуулах юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа машин техникийг татан гаргахад шаардагдах хоёр тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байдаг.

ЮНЕСКО-гийн гишүүн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл ирэх оны 10 дугаар сард хуралдах үеэр Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Манай тал дархадуудын соёлын онцлог болон далайн байгалийн онцлог байдал хосолсон гэдгээр нь Холимог өвийн төрөлд бүртгүүлэх боломжтой.

Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлчихвэл байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудал зэрэгтэй холбоотой тайлангаа энэ зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тэдний дэмжлэг, туслалцааг авах боломж бүрдэх юм байна.

“Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөөтэй санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ ажээ.