Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Чарльз, Диана нарын хуримын бялууны хэрчим $2,500-аар зарагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

1981 онд буюу одоогоос 40 жилийн өмнө Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз, гүнж Диана нарын хурим болж байв.

Уг хуримын бялууны нэг хэрчим өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж ирснийг өчигдөр дуудлага худалдаагаар заржээ.

Тусгай хайрцагтай, Британийн язгууртнуудын сүлд тэмдгээр чимэглэсэн уг бялуу анхны дуудсан үнээсээ гурав дахин өндөр үнээр буюу 1,850 паундаар ($2,550) зарагдсан байна.

Бялууг авахын төлөө Их Британи, АНУ, Ойрх Дорнодын орнуудаас олон хүн өрсөлдсөнийг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Эцэст нь умард Английн Лидс хотын оршин суугч Гэрри Лэйтон бялууг өөрийн болгосон байна.

“Би үргэлж хаант засаглалыг дэмжигч байсан. Одоо уг бялууг яаж идчихгүй хадгалах талаараа бодож байна” гэж тэр хэвлэлд хошигнон ярьжээ.

Энэхүү хэрчим бялууг хатан хаан Элизабетын эхэд үйлчилж байсан Мойра Смит гэгч эмэгтэйд анх илгээж байсан гэнэ. Смитийг нас барсны дараа 2008 онд бялууг гэрийнхэн нь 1,000 орчим паундаар хувийн цуглуулагчид заржээ.

Хуримын үеэр Чарльз, Диана нарын ширээнд тавьсан бялуунаас гадна өөр 22 бялуу хийлгэж байсан гэнэ.

Тэдгээрээс хатан хааны ойр шадар хүмүүст хишиг хүртээн, тарааж байжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид 40 жилийн настай бялуу сайн хадгалагдсан ч идэж болохгүйг анхааруулсан байна.

Чарльз, Диана нар 1996 онд салсан ч тэдний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдахгүй байгаа.

Чарльзаас Дианад өгч байсан сүйн бэлгийг энэ оны зургаадугаар сард Өмнөд Америкийн музей 50,000 паундаар худалдан авч байв.

1985 онд Цагаан ордонд Диана гүнж жүжигчин Жон Траволтатай бүжиглэхдээ өмссөн гоёлын даашинз 2019 онд 264,00 паундаар зарагдаж байжээ.

 

Эх сурвалж: AFP