Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр дахь удаагаа Олимпын алтан медаль зүүсэн бөхийг ОХУ-ын Думын гишүүн $1 саяар шагнажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 97 кг-ийн жинд ОХУ-ын Дагестаны уугуул Абдулрашид Садулаев түрүүлж, олимпын хоёр дахь алтан медалиа зүүсэн билээ.

Тэрбээр алтан медалийн төлөө барилдаанд 97 кг-ийн жингийн хаан гэгддэг АНУ-ын алдарт бөх Кайл Снайдерыг ялсан юм.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын хошой аварга Садулаевыг төрөлх Дагестанд нь баатрын ёсоор хүлээж авсан байна. 

Энэ үеэр тэр нутаг нэгт улс төрчөөс томоохон мөнгөн шагнал хүлээж авснаа анх удаа зарлажээ.

“Би нутаг нэгт Төрийн Думын гишүүн Магомед Хажиевт гүн талархал илэрхийлмээр байна. Тэр Токиогийн олимпоос авсан алтан медалийг минь $1 саяар урамшуулсан юм. Миний дасгалжуулагч Шамил Омаровыг ч шагнасан байгаа. Хариуд нь дасгалжуулагч бид хоёр улам их амжилт гаргахын төлөө зүтгэх болно” гэж Садулаев сэтгүүлчдэд ярьсан байна.

Олимпын аварга болсныхоо дараа Садулаевыг холимог тулааны төрөлд урвана гэсэн таамаг яриа гараад байсан юм. Харин тэр үүнийг эрс няцаасан байна.

Умард Кавказаас сүүлийн үед холимог тулааны одууд төрөх болсон нь ийм яриа гарах болсонтой холбоотой. Тухайлбал Хабиб Нурмагомедов, Хамзат Чимаев зэрэг алдартнууд энэ нутгаас төрөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today