Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нандинцэцэг: Миний гурван хүүхэд аавыгаа ухаан орохыг уйлж гуйн бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед Н.Түвшинбаяр хүнд гэмтэл учруулсан явдлаас хойш өдгөө дөрвөн сарын хугацаа өнгөрчээ.

Гэвч Э.Энхбат одоог хүртэл ухаан ороогүй байгаа талаарх мэдээллийг түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Тэрбээр Н.Түвшинбаярт хандан "Миний гурван хүүхэд аавын хайраар дутаж, өдөр бүр аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлж гуйн бяцхан биедээ баймгүй их тэвчээр гаргаж байна. Нулимсыг минь арчиж аргадах үрсээ хараад би шүд зууж аль болох л сайхан зүйл бодож өдөр хоногийн өнгөрөөж байна....

Теннис тоглож зугаацаж явахаар ханийн минь  эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь төлнө үү. Яаж байна гэж санаа зовохгүй юм гэхэд төлбөр мөнгийг нь улалзуулахгүй төл... Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө нэхэж байна. Гэвч цаана нь өчнөөн зүйл золиосолж байгааг ухаарах ухаан даанч алга уу. Зүв зүгээр сайхан ирээдүйн төлөө зүтгэж, хичээж, хэнээс ч дутахгүй сайхан аз жаргалтай амьдарч байсан амьдралаа үгүйлж байна" хэмээн бичжээ.

Тухайн хэрэг ямар шатандаа яваа талаар ЦЕГ-аас тодруулахад "Иргэн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд холбогдох шалгалтууд хийгдэж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан,  цагдан хорьж шалгаж байсан ч Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан юм.