Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн алгоритм туранхай, залуу, цайвар царайтай хүнийг илүүд үздэгийг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформ болох Твиттер компани өөрийн зураг тасдах алгоритм нь хүмүүсийг арьсны өнгө, царай зүсээр ялгаварладаг эсэхийг шалгуулах уралдааныг хөгжүүлэгчийн дунд зарлаж байв.

Өчигдөр уг уралдааны ялагч тодорч, $3,500-ын шагнал авсан байна.

Твиттерийн постод агуулагдсан зургийг бүтэн нээж хараагүй үед багасгасан хувилбарыг үзүүлдэг. Ингэхдээ хиймэл оюунд тулгуурласан тусгай алгоритмын тусламжтай тухайн зургийн гол, сонирхолтой хэсгийг тасдаж харуулдаг юм.

Энэ оны эхээр Твиттер компанийн алгоритм зурагт дүрслэгдсэн хүмүүсийн царайг онцлохдоо ялгавартай ханддаг гэсэн шүүмжлэл яригдаж эхэлсэн байна. Бүр цагаан өнгийн нохойг хар нохойноос илүүд үзэж байгааг гомдоллож байв. 

Тухайн үед Твиттер компани алгоритмаа өөрөө шалгаад ялгаварлан гадуурхалт маш бага хэмжээнд илэрсэн тухай мэдээлж байжээ. Гэвч энэ дүгнэлт нийгмийн бухимдлыг дараагүй тул алгоритмын алдааг илрүүлэх уралдааныг хөгжүүлэгчдийн дунд зарласан юм.

Уралдаанд түрүүлсэн хөгжүүлэгч нь Швейцарийн EFPL их сургуулийн төгсөх курсын оюутан Богдан Кулыныч болжээ. Түүний дүгнэлтээр Твиттерийн алгоритм үнэхээр залуу, туранхай нүүртэй, цайвар арьстай хүний зургийг илүү онцолж байсан гэнэ.

Уралдааны дэд байранд орсон Канадын Halt AI стартап Твиттерийн алгоритм хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зурагт ялгавартай ханддагийг илрүүлжээ.

Гуравдугаар байрт орсон судлаач Твиттерийн алгоритм англи хэл дээр бичигдсэн текстийг араб хэл дээр бичигдсэн текстээс илүү онцолж байгааг илрүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC