Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлгийн дарамтын дуулианд холбогдсон Нью Йорк мужийн захирагч албан тушаалаасаа огцорлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо

Нийт 11 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн түүх нь ил болсны дараа АНУ-ын Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо өчигдөр албан тушаалаасаа огцорлоо.

Тэрбээр телевизээр 20 минутын урт мэдэгдэл хийхдээ 14 хоногийн дотор үүрэгт ажлаа шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн байна.

63 настай Куомо нь Ардчилсан Намын нэр нөлөө бүхий улс төрчдийн нэг бөгөөд 2011 оноос хойш хүн амын тоогоор АНУ-д дөрөвт бичигддэг том мужийг удирдаж байгаа.

Түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрч гэж үздэг.

Куомогийн бэлгийн дарамтын дуулианыг хараат бус мөрдөгчид таван сарын турш шалгаад тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулж байв.

Тэрбээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч үүрэгт ажлынхаа хажуугаар нэр төрөө сэргээхээр тэмцэх нь цар тахлын энэ хүнд хэцүү үед ажил цалгардуулах эрсдэлтэй тул огцрохоор шийдсэнээ тайлбарлажээ.

Куомог мөрдсөн ажлын тайланд түүнийг хамт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа олон эмэгтэйг үнсэх, биед нь хүрэх, өдөөн хатгасан үг хэлэх зэргээр дарамталж байсныг баталсан юм.

Куомогийн сонгуульт хугацаа дуусах 2022 оны арванхоёрдугаар сарыг хүртэл тус мужийн дэд захирагч Кэти Хочул үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон байна. 19 сая гаруй хүн амтай Нью Йорк муж түүхэндээ анх удаа эмэгтэй хүнээр удирдуулах болж байгаа нь энэ юм.

Сүүлийн 13 жилийн хугацаанд тус мужийн хоёр дахь захирагч сэкс дуулианы улмаас албан тушаалаасаа огцорч байна.

Өмнө нь 2008 онд Нью Йорк мужийн захирагч асан Элиот Спицер биеэ үнэлэгчийг ивээлдээ авсан нь илэрч, албан тушаалаасаа огцорч байжээ.

Эндрью Куомо мужийн захирагчаар гурван удаа сонгогдон ажиллаж байсан. Түүний талийгаач эцэг Марио Куомо мөн Нью Йоркийн захирагчаар гурван удаа сонгогдож байжээ.

Тэр бас 1997-2001 онуудад ерөнхийлөгч Билл Клинтоны засаг захиргааны Орон Сууцжилт, Хот Хөгжүүлэлтийн яамны сайдаар ажиллаж байв.

Куомо өөрийгөө буруугүй гэж үзээд албан тушаалаасаа огцрохоос татгалзаж байсан ч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси зэрэг Ардчилсан Намын нөлөө бүхий гишүүд шахалт үзүүлсний үр дүнд огцорч байна.

Саяхан явуулсан судалгааны дүнгээс харвал Нью Йорк мужийн иргэдийн 59 хувь нь Куомог огцруулахыг дэмжиж, 32 хувь нь эсэргүүцжээ. Харин Ардчилсан Намын гишүүдийн 52 хувь нь түүнийг огцруулахыг дэмжсэн байна.

 

Эх сурвалж: Reuters