Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт Нинься мужид үргэлжилж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Орос, Хятад улсын зэвсэгт хүчнүүдийн таван өдөр үргэлжлэх хамтарсан цэргийн сургуулилалт наймдугаар сарын 9-ний өдөр баруун хойд Хятадын Нинься мужийн Нинься Хуй автономит дүүрэгт эхэлжээ.

Уг дүүрэгт Хятадын исламын шашинтнууд болох хуй угсаатнууд оршин суудаг.

“Запад/Взаимодействие 2021” нэртэй уг ажиллагаанд хоёр улсаас нийт 10,000 гаруй цэрэг, олон тооны нисэх онгоц, зэвсэг техник оролцож байгаа ажээ.

Энэ удаагийн сургуулилалт нь Өрнөдийн эсрэг холбоотон болж буй Орос, Хятад хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд хүрснийг харуулж байна. Нөгөө талаар Афганистанаас АНУ тэргүүтэй NATO-гийн гишүүн орнууд цэргээ гаргаснаар Төв Азийн бүс нутагт үүсээд байгаа шинэ нөхцөл байдалтай холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ.

Хоёр улс дөрөв дэх удаагаа хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулж байгаагаас Хятад улсын нутаг дэвсгэрт анх удаа болж байна.

Афганистанд Талибан хөдөлгөөнийхний үүсгэсэн тогтворгүй байдал Төв Азийн орнуудад халдварлах эрсдэл хоёр улсын санааг зовоож байгаа.

Хятадын батлан хамгаалах яам уг ажиллагааг бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг тогтоох, терроризмийн эсрэг хамтран тэмцэх зорилготой гэж тодорхойлжээ.

“Энэ сургуулилалт хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч буйн илрэл юм. Нөгөө талаар Афганистаны нөхцөл байдал чухал хүчин зүйл болж шинээр нэмэгдэж байна. Төв Азийн орнуудад байдал тогтворгүйтэж,  бүс нутгийн аюулгүй байдалд шинэ сорилт бэрхшээл бий болохоос талууд болгоомжилж байгаа” гэж Шанхай хотын Зүүн Хятадын Их сургуулийн Орос судлалын төвийн профессор Жань Шин ярьж байна.

Орос улс Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан гэсэн Төв Азийн улсуудыг өөрийн нөлөөллийн бүс гэж үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн нөлөө энэ бүс нутагт огцом нэмэгдэж байгаа.

Саяхнаас хоёр улс Төв Азид ашиг сонирхлоо тэнцвэртэй хангах зорилгоор “Оросын зэвсэг, Хятадын хэтэвч” бодлого баримтлах болсныг Riddle Russia онлайн сэтгүүлийн эрхлэгч Антон Барбашин ярьжээ.

Гэхдээ энэ хамтын ажиллагаа хэр удаан үргэлжлэх нь Афганистаны нөхцөл байдлаас ихээхэн хамаарахыг тэр хэлж байна. “Афганистаны асуудлаар Орос, Хятад, Төв Азийн орнууд өргөн хүрээнд хамтарч ажиллахыг бид эхэн үедээ харах байх. Гэхдээ Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага Афганистанаас ирэх аюулыг зогсоож чадахуйц нөлөөтэй эвсэл мөн эсэхээс шалтгаалан цаашдын ирээдүй нь тодорхойлогдоно” гэж Барбашин ярьжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe