Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагчийг энэ долоо хоногт өршөөлөөр суллана

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том компани Самсунгийн өв залгамжлагч Ли Жэ Ёныг энэ долоо хоногийн Баасан гарагт өршөөлөөр суллах болсныг тус улсын хууль зүйн яам өчигдөр зарлажээ.

Ли нь Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр шийтгүүлж, шоронд 30 сар хоригдох ял эдэлж байгаа юм. Авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэгт холбогдсон Пак 2016 онд огцорсон ба одоо шоронд 20 жилийн хорих ял эдэлж байгаа.

Тэр бас 18 тэрбум воны торгуулиар шийтгүүлж байв.

Одоо 53 настай Ли Жэ Ён нь өнгөрсөн онд өвчний улмаас нас барсан эцгийнхээ гол өв залгамжлагч бөгөөд Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.

Тэрбээр 30 сарын хорих ялынхаа 18 сарыг эдлээд байгаа. Анх шүүхээс түүнд таван жилийн хорих ял өгснийг сүүлд богиносгосон юм.

Өмнөд Солонгосын эрх баригчид удахгүй тохиох 1945 онд Японы колоничлолоос чөлөөлөгдсөний түүхт ойн өдөр 810 хоригдлыг өршөөлөөр суллах болсны нэг нь Ли Жэ Ён ажээ.

Самсунг группын Өмнөд Солонгосын эдийн засагт үзүүлэх нөлөө, дэлхийн зах зээлд хагас дамжуулагч эд ангийн хомсдол үүссэн зэрэг нөхцөл байдлын улмаас Лид өршөөл үзүүлэхээр болсон гэнэ.

Энэ оны эхээр Самсунгийн эзэн гэр бүл өв залгамжлалын татварт 12 их наяд вон ($10 тэрбум) төлж, талийгаач ерөнхийлөгчийн хувийн цуглуулгад байсан 23,000 гаруй урлагийн үнэт бүтээлийг Өмнөд Солонгосын музейнүүдэд хандивлах шийдвэр гаргаж байжээ.

Самсунг Группын ерөнхийлөгч Ли Күн Хи зүрхний өвчний улмаас 2014 онд хэвтэрт орж, өнгөрсөн онд нас барсан юм. Энэ хугацаанд том хүү Ли Жэ Ён нь Самсунгийн дефакто удирдагч байжээ.

 

Эх сурвалж: The Guardian