Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сарантуяа: Дөрвөн настай хүүхдүүдийн хувьд нэмэлт элсэлт авахгүй. Таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Ц.Сарантуяа цэцэрлэгийн элсэлт бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ хичээлийн жилд халдварын эрсдэл өндөр байна. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролын тухайд дөрөв, таван настай хүүхдийг эхний ээлжид элсүүлэх шийдвэр гарсан. Дөрвөн настай хүүхдийн хувьд нэмэлт элсэлт авахгүй.

Таван настай хүүхдүүдийг бүрэн хамруулна. Бүрэн хамруулна гэдэг нь цэцэрлэгт явах боломжтой хүүхэд хамрагдана. Элсэх боломжгүй хүүхдүүдийг цэцэрлэгийн хувилбарт сургалтад хамруулах юм.

Хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт үе шаттайгаар хамруулах ажлыг хийж байна. Арав болон арваннэгдүгээр сард улирлын томуугийн хамгийн эрсдэлтэй үе эхэлж байгаа. Бага насны хүүхдүүдэд томуугийн урьдчилан сэргийлэх вакцин жил бүр хийгддэг. Тиймээс вакцинд хамрагдсан байдал, цар тахлын нөхцөл эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дараагийн ээлжид хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан.

Улсын хэмжээнд дөрөв, таван настай хүүхдүүдийн 91 хувийг цэцэрлэгт хамруулах тооцоо хийсэн. Таван настай хүүхэд сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмшиж байж, ЕБС-д элсэн суралцах ёстой. Өмнөх хичээлийн жилд гурван настай цэцэрлэгт хамрагдсан хүүхэд үргэлжлүүлэн суралцаад явна.

Нийслэлийн хувьд энэ хичээлийн жилд есдүгээр сарын 1-ний байдлаар 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. 13 цэцэрлэгт 55 бүлэг буюу 1,325 хүүхэд шинээр хамрагдах боломжтой. Эдгээр цэцэрлэгт дөрөв, таван настай хүүхдийг нэмэлтээр элсүүлнэ" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/354852392913209