Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: 5/9 хувилбараар хичээллэх явцад тархалт нэмэгдэхгүй байвал сургалтыг хэвийн горимд шилжүүлэх боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021-2022 оны хичээлийн жилийн эхэн хугацаанд танхимын сургалтад 5/9 хувилбарыг хэрэгжүүлэхээр болсон. 

Энэ нь тав хоногт танхимд хичээллээд, дараагийн долоо хоногт нь зайнаас суралцах хувилбар юм. Яагаад энэхүү хувилбарыг хэрэгжүүлэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр "Энэ жил ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо 5.6 хувиар өсөж байна. Нягтрал ихээр нэмэгдэж байгаа бөгөөд дийлэнх нь нийслэл хотод байна. 

5/9 хувилбар нь энэ хичээлийн жилд бүхэлд нь баримтлах зарчим биш юм. Эрсдэлээ тооцож дараагийн алхмаа хийх учиртай. 

23 дугаар сургуулийг 3,000 хүүхэдтэй гэж тооцоолон жишээ авъя. Нийт хүүхдийн тоог хоёрт хуваана. Эхний 1,500 хүүхэд нэгдүгээр долоо хоногт, дараагийн долоо хоногт нь үлдсэн 1,500 гэх мэтээр ээлжилнэ. Ингэснээр тухайн сургуулийн эрсдэлийг хоёр дахин бууруулна. 

Нэг ээлжилд хичээллэх 1,500 хүүхдийг өглөө, үдээс хойшийнх гэж хоёр хуваахад эрсдэл дахин буурна. Мөн анги нь байрладаг давхруудаар орох, гарах хөдөлгөөнийг давхцуулахгүйгээр зохицуулна. Ямар нэг эрсдэл гарахад зөвхөн нэг анги, эсвэл тухайн давхрыг хязгаарлах юм" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Танхимын сургалтыг гүйцэх сайн хувилбар одоогоор байхгүй. Эрүүл мэнд чухал ч боловсрол бас чухал. Хэрэв 5/9 хувилбараар хичээллэх явцад тархалтын хэмжээ, эрсдэл өсөхгүй байвал халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулан эргээд хэвийн горимд шилжүүлэхэд оройтохгүй. БШУЯ танхимын сургалтыг аль болох урт хугацаанд үргэлжлүүлэхээр хичээж байгаа" гэлээ.

Нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын бүлэг дүүргэлт нэг ангид 36.9 байна. Харин хувийн хэвшлийн сургуулийнх дунджаар 19 ба түүнээс бага аж.
https://fb.watch/7gAJz_HkBq/