Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Үнэнбат: Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас нээлттэй болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат ЕБС-д элсэх элсэгчдийг системд хэрхэн бүртгэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn системийн тусламжтайгаар цахимаар зохион байгуулна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэлтээ цахимаар бүртгүүлж болно.

80,628 хүүхэд улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх бөгөөд нийслэлд 40,330, орон нутагт 40,298 хүүхэд нэгдүгээр ангид суралцана. Хамгийн олон элсэгчтэй нь нийслэлийн хувьд Баянзүрх дүүрэг бөгөөд 10,068 хүүхэд байгаа бол орон нутагт хамгийн олон элсэгчтэй нь Хөвсгөл аймаг бөгөөд 3,025 хүүхэд элсэх юм. 

Хамран сургах тойргийн мэдээллийг гаргаж, системд оруулах ажил явж байгаа. Үүний дараа хамран сургах тойргийн дагуу бүх зургаан настай хүүхдүүдийг сургуулиуд руу хуваарилж өгнө. Энэ ажил наймдугаар сарын 10-ныг хүртэл явагдана. Наймдугаар сарын 11-15-ны хооронд сургуулийн элсэлтийн комиссынхон элсэлтийн урьдчилсан бүртгэлээ хийнэ. 

Наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно. Ингэхээр эцэг эхчүүд тухайн систем рүү ороод хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах ажлыг хийнэ. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхээр танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Эцэг эхчүүд энэ мэдээллийг баталгаажуулна. Энэ баталгаажуулах хугацаа наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл байна. 

Сургуулиуд үүний дараа анги бүлэгт хуваарилах ажлаа хийнэ. Энэ ажил наймдугаар сарын 26-30-ны хооронд хийгдэнэ. Анги бүлэгт хүүхдүүд хуваарилагдаад эхлэнгүүт хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулах үед бүртгүүлсэн утасны дугаарын дагуу танай хүүхэд ямар сургуулийн ямар бүлэгт хэн багшийн ангид орсон талаарх мэдээлэл очно.

Бүртгэлийн хэлбэрийн хувьд parent.edu.mn үндсэн систем, ESIS мобайл аппликэйшн болон тухайн сургуулиуд дээр бүртгэлийн комисс ажиллаж байгаа" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/354852392913209