Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжээчид Оюутолгой төслийн зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь геотехникийн асуудалтай хамааралгүй гэж дүгнэжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн хөндлөнгийн хяналтын дүгнэлт гаргасантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсгээс мэдээлэл хийж байна. Манай ажлын хэсгийн гол зорилго бол 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх юм.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Эдгээр асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хандсаны дүнд дэлхийн нэр хүнтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн багийг ажиллуулж, дүгнэлт гаргуулсан. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдоод таван сар гаруйн хугацаанд ажиллаж, өнөө өглөө албан ёсны дүгнэлтээ ирүүллээ.

 

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэдэг дүгнэлт гаргасан байна.

Зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа нь гүний уурхайн геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг Оюутолгой төслийн менежментийн багаас удаа дараа өгч ирсэн.

Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн зардал өсөж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн хүндрэлээс болоогүй гэдэг дүгнэлт гаргажээ. Оюутолгойн хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлэх ажил үргэлжилж байгаа.

Дөнгөж сая Рио Тинтогийн Монгол дахь захирал Х.Амаржаргал нарын албан тушаалтнуудтай хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулан уулзлаа.

Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны тайлбар хүслээ. Мөн далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэхийг шаардлаа. Та бүхний хүсэж байгаачлан Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг батлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарсан байхад бид далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч, батлах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн" гэв. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Уг төслийн хамгийн гол буюу нөөцийг бүрдүүлж буй далд уурхайн ашиглалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тухай асуудлыг Рио Тинто компани 2019 оны долдугаар сард Засгийн газарт танилцуулсан байдаг. Тус компанийн зүгээс “Урьдчилан тааварлах боломжгүй геотехникийн нөхцөл байдал буюу гүний уурхайн чулуулгийн онцлогоос болж зардал хэтэрлээ" гэдэг асуудлыг Монголын талд тавьсан. Тухайн үед зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 30 хүртэл сараар хойшилно гэж байсан.

 

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь геотехникийн асуудалтай хамааралгүй гэж тодорхойлсон.

Энэхүү хөндлөнгийн шинжээчдийн багт Рио Тинто компанитай ашиг сонирхлын хувьд зөрчилдөөнгүй шинжээчийг олох нь Засгийн газрын хувьд хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн томоохон төслүүд дээр 20-40 жил ажиллаж байсан туршлагатай шинжээчдийг бүрдүүлж 2021 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан.

Энэхүү дүгнэлтийг хэр бодитой вэ гэдэг дээр бид дахин дүгнэлт гаргуулсан. Ингэхэд Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир: Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Оюутолгой”‑н хүсэлтээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Оюутолгой” компаниас хоёр төлөөлөл, ТRQ компанийн төлөөлөл хоёр хүнээс бүрдсэн тусгай хороо байгуулагдсан юм. Тусгай хорооноос АНУ, Канад, Австрали, Монголын нийт найман хүний бүрэлдэхүүнтэй бие даасан шинжээчдийг томилсон .

 

Энэхүү дүгнэлтийг Оюутолгойн ТУЗ авч хэлэлцэнэ. Мөн цаашид далд уурхайн бүтээн байгуулалтад зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарах байх.

Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар: Эрх зүйн маргааны хувьд Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондоны арбитрт өгсөн байгаа. Харин Монгол Улсын Засгийн газар энэ маргаанд Рио Тинтог татаж оролцуулъя гэдэг сөрөг нэхэмжлэл гаргасан. Манай гаргасан нэхэмжлэлийг энэ сард багтаах хэлэлцэж эхлэх гэж байна. Мөн АНУ болон Их Британы үнэт цаасны хороон дээр жижиг хувьцаа эзэмшигчдээс Рио Тинтог буруутгаж гомдол гаргасан асуудалд хэрэг үүсгэж шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна.