Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, СБД-ийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Тус төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм.

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог.

Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх бөгөөд төслийн судалгааны ажил одоогоор 70 хувьтай хэрэгжиж байна.

Түүнчлэн Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав,  Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд  малтлага, судалгаа хийж,  морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ. Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ.

Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна. 

Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийж эхэлжээ.
 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мөн албаныхан Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтын зэрэглэлд байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцав.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уг дурсгалыг сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар  холбогдох байгууллагуудад тусгай төсөл боловсруулж,  нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн соёл, урлагийн газар