Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны хоёр дахь мужийн төв Талибанчуудад эзлэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Афганистаны баруун өмнөд Нимроз мужийн төв Заранж хотыг Талибанчууд эзлэн авсан билээ.

Тэгвэл Бямба гарагт исламын радикал үзэлтнүүд Афганистаны умард бүсийн Жавзжан мужийн төв Шеберган хотыг эзлэн авснаа зарлажээ. 

Засгийн газрын цэргүүд энгийн иргэдийн амь насыг золиослохгүйн тулд “хотын зах руу ухарсан бөгөөд удахгүй Шеберганыг буцаан чөлөөлнө” гэж Афганистаны батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Энэ оны хавраас эхлэн АНУ тэргүүтэй NATO-гийн гишүүн орнуудын цэрэг Афганистанаас гарч эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн исламын радикал үзэлт Талибан хөдөлгөөний зүгээс Кабулын засгийн газрыг түлхэн унагах байлдааны ажиллагаагаа идэвхжүүлээд байна.

Одоогоор умард бүсийн Кундуз, өмнөд бүсийн Лашкар Гах хотуудын төлөө ширүүн тулаан өрнөж байгаа.

Шеберган нь Афганистаны дэд ерөнхийлөгч асан, цэргийн жанжин Абдул Рашид Достумын гол түшиц хот юм. Достумыг дэмжигч узбек угсаатнууд одоо засгийн газрын цэрэгтэй хүч хавсран Талибанчуудтай байлдаж байгаа.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр Достумын талын 150 орчим хүн Афганистаны армид туслахаар Шеберганд ирсэн гэнэ. Туркт эмчлүүлж байгаад энэ долоо хоногт буцаж ирсэн маршал Достум одоо Кабул хотод байгаа гэсэн мэдээлэл бий. 

Өнгөрч буй долоо хоногт Талибанчууд нийслэл Кабул хотод хоёр аллага зохион байгуулахдаа Афганистаны батлан хамгаалахын сайдын гэрт халдаж, засгийн газрын хэвлэлийн албаны даргын амийг хөнөөсөн юм.

Сүүлийн өдрүүдэд Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны хөрш улсуудтай залгаа хилийн шугмуудыг хяналтдаа аваад байна.

Тухайлбал тус байгууллага саяхан Пакистантай залгаа хилийг хааснаас олон Афган хүн эх орондоо буцах боломжгүй болжээ.

Саяхан Их Британийн засгийн газар Афганистанд байгаа иргэдээ тус улсаас яаралтай гарч явахыг анхааруулсан юм. АНУ-ын засаг захиргаа мөн адил иргэддээ Афганистанаас гарч явахыг зөвлөөд нисэх онгоцны тийз авах зээл санал болгожээ.

 

Эх сурвалж: BBC