Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад бүртгэгдсэн нийт Covid-19 халдварын тохиолдол нэг саяыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Цар тахал эхэлсэн цагаас хойш Япон улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол өчигдөр нэг саяын босгыг давжээ.

Баасан гарагт тус улс даяар халдварын 15,645 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм.

Пүрэв гарагт Токио хотод 5,042 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Тэгвэл үүний дараа орох өндөр өсөлт буюу 4,515 тохиолдол Баасан гарагт нэмэгджээ.

Токио 2020 зуны олимпын наадам эхэлсэн өдрөөс хойш нийт 144,000 орчим тохиолдол нэмэгдсэн байна.

Гэсэн хэдий ч Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга халдварын тохиолдол нэмэгдсэн нь олимпын наадамтай холбоогүй гэж мэдэгдээд байгаа юм.

Жолоочоос нь халдвар илэрсний дараа Японы сангийн сайд Таро Асо гэртээ тусгаарлагджээ. Асо сайдаас халдварын шинж илрэхгүй байгаа ба PCR шинжилгээний хариу нь Бямба гарагт гарах юм байна.

Хэдийгээр Дельта хувилбарын улмаас Япон улсад Covid-19 өвчлөл хурдтай нэмэгдэж байгаа ч дэлхийн аж үйлдвэржсэн долоон гүрний дотор хамгийн бага батлагдсан тохиолдолтой хэвээр байгаа юм.

Тухайлбал АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 10 хүрэхгүй хувь, Германд бүртгэгдсэн тохиолдлуудын 20 хувь Японд бүртгэгдээд байна.

Токио 2020 зуны олимпын наадам маргааш буюу Ням гарагт өндөрлөнө. Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх Паралимпын наадмыг үзэгчтэй зохион байгуулах эсэх асуудлыг Японы засгийн газар удахгүй шийдэх гэнэ.

 

Эх сурвалж: Reuters