Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Долоон сарын хугацаанд 27 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний 7 сарын байдлаар хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдсэнээс нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 20 хүүхэд амиа алдсан харамсалтай дүн мэдээ байна. 

Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсож,  ослын гурвалжинг замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байршуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Өчигдөр л гэхэд нийслэлд ослын улмаас хоёр хүн гэмтэж нэг хүний амь хохирсон бол орон нутагт  гурван хүн гэмтэж, гурван хүний амь хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Унадаг дугуйтай мөргөлдсөн-1
  • Явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн -1
  • Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн-2

Орон нутагт:

  • Автомашин онхолдох хэлбэрээр-3
  • Хоёр автомашин мөргөлдөх-1 осол тус тус гарчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 54, орон нутагт 25 зөрчлийг илрүүлсэн байна.

 

Эх сурвалж: ТЦА