Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн ханш 2011 оны их өсөлтийн түвшинг давсан энэ үед "Оюу толгой" төслийн зардал хэтрэлтийн талаарх дүгнэлт хүлээлт үүсгэж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш сүүлийн 20 жилийн дээд түвшиндээ хүрээд байна. Лондоны хөрөнгийн бирж дээрх нэг тонн зэсийн ханш 9,780 ам.доллар хүрч өсөөд байгаа нь 2011 оны их өсөлтийн түвшнийг давсан үзүүлэлт юм. 

Зураг. Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш, 2002 оноос хойших үзүүлэлт

 
Эх сурвалж: businessinsider.com

Зэсийн ханш цаашид өсөн нэмэгдэх таатай мэдээ байгаа ч Монгол Улсын зэсийн экспортыг их хэмжээгээр нэмэгдүүлэх Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болоогүй байна. Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинтотой яриа хэлэлцээ хийж эхэлсэн ч ахицтай байгаа эсэх нь мөн л тодорхойгүй байгаа бөгөөд "Оюу толгой" төслийн зардлын хэтрэлтэд дүгнэлт өгөх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт хүлээлт үүсгээд буй.

Уг дүгнэлт наймдугаар сарын эхээр гарна гэсэн мэдээтэй байна. 

Эргэн сануулбал, Оюутолгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг гүний уурхайгаас олборлох бөгөөд 2016 оны ТЭЗҮ-д гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 5.3 тэрбум ам.доллар байхаар тусгасан байдаг. Улмаар гүний уурхайн үйлдвэрлэл 2021 оны нэгдүгээр сар гэсэн тооцоотойгоор бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.

Гэтэл 2019 оны долдугаар сард "Рио Тинто" компаниас гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон талаар мэдэгдсэн юм. Тодруулбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сараар хойшилж мэдэхээр байгааг мэдээлэв. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр тус бүтээн байгуулалтын зардал 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшлоод байгаа билээ.

Ийнхүү хугацаа хойшилж, зардал хэтэрсэн нь төслийн үнэ цэнийг бууруулж, Туркойз Хилл Ресурс компанийн жижиг хувьцаа эзэмшигчид нөхөн төлбөр авахаар Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гарган, улмаар Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага "Рио Тинто"-ийн эсрэг шалгалт явуулж байгаа зэрэг олон үйл явдлыг араасаа дагуулав.

Тиймээс гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудалтай холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгээс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах шийдвэр гаргуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэхүү дүгнэлтийг энэ сарын эхээр танилцуулна гэсэн хүлээлттэй байна.