Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөл хорионы үед АИ-92 автобензиний хэрэглээ 80 хувь хүртэл буурсан нь зургаан сарын турш үнэ тогтворжих нэг хөшүүрэг болсон”

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Ийгл" телевизийн "Зочны ярилцлага"-д оролцож, бензиний үнийн асуудлаар ярилцсаныг товчлон хүргэж байна.

-Төрийн ордонд шатахууны үнийн асуудлаар УУХҮЯ, АМГТГ, импортлогч компаниуд мэдээлэл өгсөн. Та бүхний зүгээс бензиний үнэ өссөн шалтгааныг дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэхдээ хэрэглэгчдэд асуулт байсаар л байна. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөөр байхад тухайн үед нь нэмэхгүйгээр нэг сарын дотор 600 төгрөгөөр өсгөсөн нь хэрэглэгчдэд цочрол өгсөн юм биш үү?

-Шатахууны үнэ таван гол хүчин зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, гадаад зах зээлийн импортын үнэ. Энэ нь нийт жижиглэнгийн үнийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Хоёрдугаарт, валютын ханш нөлөөлнө. Мөн татвар, үйл ажиллагааны зардал, импортлогч компаниудын ашиг шатахууны үнэд шингэдэг.

“COVID-19” цар тахлаас үүдэлтэйгээр дэлхий дахинд 2020 оны дөрөвдүгээр сард хөл хорьж, олон улсад аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсноор хамгийн их түлш хэрэглэдэг онгоцны нислэгүүд хүртэл зогсолт хийж, эдийн засаг хумигдан, улмаар нэг баррель газрын тосны үнэ 20 ам.доллар хүрэхгүй болтол буурсан. Тухайн үед манай улс ч бензиний үнийг 500 орчим төгрөгөөр бууруулж, өргөн хэрэглээний АИ-92 автобензин нэг литр нь 1,350 төгрөг болгож байв.

Тэр үед хойд хөрш ОХУ бензиний үнээ 100 орчим төгрөгөөр л бууруулж байсныг хэлэх хэрэгтэй. Харин дараа нь Саудын Араб тэргүүтэй ОПЕК+ түншлэл газрын тосны үнийн уналтын эсрэг олборлолтоо танаснаар эрэлт өсөж, үнэ нэмэгдсэн. Өнөөдөр нэг баррель газрын тосны үнэ 73 ам.доллар болсон нь 3.7 дахин өссөн үзүүлэлт. Манай улсын хувьд зургаан сарын турш суурь үнэд өөрчлөлт оруулаагүй ч, бензиний үнэ гэнэт өссөнд иргэд бухимдаж буйг ойлгож байна. Гэхдээ шатахууны импортоос хамааралтай манай улсын хувьд урд хөрш БНХАУ гэхэд АИ-92 автобензиний үнээ он гарснаас хойш 12 удаа нэмсэн судалгаа байна. Бид цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн нуруун дээр ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжин, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан. 

Тухайн цаг үед нь бага багаар, сар бүр 100 төгрөгөөр нэмээд байвал иргэдэд ямар их дарамт ирэх байсан бол. Иргэд орлогогүй, бизнес нь зогсчихсон үед бензиний үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өдөр тутмын хоол хүнсний хэрэглээний үнэ өсвөл цар тахлын үед иргэдэд ямар хүнд тусах байсан бол. Үүнээс сэргийлж, Засгийн газраас арга хэмжээ авсан нь тог цахилгаан, дулааны үнээс чөлөөлж, шатахууны үнийг нэмэхгүй байх зэрэг суурь үнэнд зохицуулалт хийсэн явдал юм.

-Шатахууны үнийг сонгуулийн өмнө хүчээр барьсан уу?

-Сонгуультай ямар ч холбоогүй. Дахин хэлэхэд, цар тахлын эсрэг вакцинжуулалтыг 60 хувьд хүргэж, эерэг нөхцөл байдал үүстэл тодорхой арга хэмжээ авсан нь энэ юм. Гадны ихэнх улс орнууд иргэддээ бэлэн мөнгө өгч байсан. Харин Засгийн газрын зүгээс бэлэн мөнгө олговол эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул суурь үнэд анхаарч, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогны үнийг хөнгөлөх, тэглэх арга хэмжээ авсан. Мөн АИ-92 автобензин бол өргөн хэрэглээний, мөн бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлж болох тул үүнээс сэргийлж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, хэлэлцээр хийж ажилласан.

Нэг зүйлийг бас тодотгож хэлэх ёстой. Хөл хорионы үед манай улсын АИ-92 автобензиний хэрэглээ нэлээд хэмжээгээр буурсан. Энэ нь нөөцөлсөн шатахуунаа бид зургаан сарын турш хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах буюу 1,450 төгрөгт түгжихэд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл болсон юм. Энэ хугацаанд дэлхийн зах зээлийн ханш буурах итгэл тээж, шатахуун импортлогч компаниуд ч бидэнтэй ойлголцож, эрсдэл үүрч ажилласан.

-Шатахуун импортлогчид литр тутамд 600 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэж ярилаа. Гэтэл АМГТГ-аас шатахууны үнийг 100 төгрөгөөр хямдруулна гэв. Яагаад эргэж буцсан шийдвэр гаргаад байна вэ? Эсвэл олон нийтийн шахалт нөлөөлөв үү?

-2012 онд  “Улсын стратегийн нөөц”  бүрдүүлэх шийдвэр гарсан байдаг. Мөн саяхан Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор АИ-92 автобензиний улсын нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан нь 100 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн юм. Шатахууны нэг төгрөг бүрт тодорхой хувиар зардал шингэсэн байдаг. Засгийн газрын зүгээс ард иргэдийн хувьд өргөн хэрэглээ болдог А-80, АИ-92 автобензиний онцгой албан татварыг 2018 оноос эхлэн одоог хүртэл тэглэсэн хэвээр байна.

-Шатахууны үнэ өслөө. Үүнийг дагаад таксины үнэ км тутамд 500 төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл такси үйлчилгээ км тутамд нэг литр бензин “идэхгүй” мөртлөө автоматаар үнэ өсгөөд байна. Шатахууны үнээс үүдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ханш нэмэгдэж байгаад та бүхэн хяналт тавих ёстой болов уу?

-Энэ бол маш энгийн тооцооноос харагдана. Жишээ нь, нэг литр бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээ болох талх, гурил, элсэн чихэрний үнэнд хэр зэрэг өөрчлөлт орох өртөг, зардлыг маш энгийн тооцоогоор гаргачих боломжтой. Үүнд ШӨХТГ хяналт тавьж ажиллах ёстой. Уг байгууллагын үндсэн чиг үүрэг нь гэж хэлж болно.

-ШӨХТГ-аас бензиний үнэ өсөхийн өмнө мэдээлэл хийсэн. ААН-үүдэд шалгалт хийхэд шатахуун импортлогчид чанаргүй бензин борлуулж байна гэж мэдэгдсэн. Та бүхний хувьд шатахуунаас хамааралтай өргөн хэрэглээний барааны үнэ өсөлтөд шууд оролцохгүй ч, хяналт тавих үүрэгтэй болов уу?

-Манай байгууллагын хувьд шатахууны хомсдол үүсгэхгүй байхад анхаарна. Хоёрт, чанарын асуудалд мэргэжлийн хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтран хяналт тавина. ШӨХТГ-ын зохион байгуулсан чанарын хяналт, шалгалтын ажлын хэсэгтээ манай яамнаас хүн оруулаагүй. Бидэнд байгаа мэдээллээр бол тухайн бүтээгдэхүүний дээжийг авч, итгэмжлэгдсэн  хоёр лабораториор шинжлүүлсэн. Хоёр өөр хариу гарсан учраас дээжийг дахин шинжилгээнд хамруулж, мэргэжлийн туршлагатай шинжээчээр харьцуулалт хийлгэж, хэмжлийн багажны хүлцэх алдааг тооцсоны үндсэн дээр дүгнэлт гаргуулах ёстой. Ер нь бол газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний дээж авахаасаа эхлээд нарийн стандарттай байдаг. Манай улсад ЕВРО-2, ЕВРО-5 стандартын хоёр төрлийн АИ-92 автобензинийг борлуулж байна. MNS-216, MNS-217 стандарт нь аль төрлийн шатахуунд хамаарах вэ гэдгийг мөн харьцуулах ёстой.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ. Иргэдийн хувьд чанаргүй бензин хэрэглээд байгаа мэт ойлголт их боллоо?

-ШӨХТГ, АМГТГ-тай хамтарч дахин хэмжилт хийж, хяналт оруулахаар болсон. Энэ хүрээнд ямар стандартын бүтээгдэхүүнийг хооронд нь харьцуулаад байна вэ, хоёр лабораторийн хоорондын  үр дүнгийн хүлцэх хэмжээ, зөрүүг тодорхойлох гээд олон зүйл тодорхой болох хэрэгтэй. Бид ЕВРО-5 стандартын АИ-92 автобензинийг түлхүү хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага бий. УУХҮЯ-ны 2021-2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд ЕВРО-5 стандартын хэрэглээг 60 хувьд хүргэх зорилттой байна. Одоогоор бол 20 орчим хувьтай байна.

Өөрөөр хэлбэл, ЕВРО-2, ЕВРО-5 стандарт хооронд хүхрийн агуулгын зөрүү их байдаг тул чанаргүй бензин гэж ярихаас илүүтэй ямар стандартыг, ямар шатахуунд хэрэглэх, ямар автомашинд түлхүү хэрэглэх вэ гэдэгт ч анхаарах ёстой юм. Автомашины үйлдвэрлэсэн он, маркаас хамаарч ямар стандарттай шатахуун хэрэглэх вэ гэдэг нь ч чухал. Тухайлбал, 2008 онд үйлдвэрлэсэн Приус-20 маркийн машинд Евро-2 стандартын АИ-92 автобензин хэрэглэхэд ямарч асуудал үүсэхгүй. Гэтэл 2012 оноос хойших сүүлийн үеийн загварын автомашинд дийлэнх нь Евро-5 стандартын автобензин хэрэглэх техникийн шаардлагатай байдаг гээд чухал асуудлууд хөндөгдөнө.

-Цаашид шатахууны үнэ өсөх үү?

-Саяхан Саудын Араб тэргүүтэй ОПЕК+ түншлэл олборлолтоо 400 мянган баррелиар нэмэгдүүлье гэсэн шийдвэр гаргалаа. Тус улс орнууд есдүгээр сарын 01-нд хуралдах товтой байна. Газрын тосны үнийн асуудлаар дэлхийн улс орнууд төлөв байдлын янз бүрийн дүгнэлт хийж байгаа. Тухайлбал, Америкийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкуудын гаргасан таамгаар бол, энэ онд дундаж ханш 80-85 ам.долларт хэлбэлзэж, 2022 оны турш хадгалагдана гэж онцолсон.