Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп хөлбөмбөгийн баг нь олимпын аварга болоогүйд “зүүний үзэлт” тоглогчдыг буруутгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг Токио 2020 наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. 2019 оны дэлхийн аварга болж байсан Америкчууд Австралийн шигшээ багийг 4:3 харьцаатай хожиж, медалийн болзол хангасан юм.

Гэвч энэ амжилт АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын хувьд хангалтгүй байжээ.

Тэрбээр Америкийн шигшээ баг алтан медаль зүүж чадаагүйд өөртэй нь үзэл бодол таардаггүй тамирчдыг буруутгасан байна.

“Хэрвээ манай хөлбөмбөгийн багт Зүүний Маньякуудаас бүрдсэн радикал үзэлт тоглогчид байгаагүй бол өдийд хүрэл биш, алтан медаль зүүх байлаа. Тэд зүүний үзэл байнга ярьдаг этгээдүүдээ эх орончдоор сольсон бол ялах байсан юм” гэж 75 настай Трамп өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Америкийн хөлбөмбөгийн од Меган Рапиног энэ үеэр онцолж шүүмжилсэн байна.

Рапино нь ижил хүйстэн, Трампын бодлогыг эрс хатуу шүүмжлэгч нэгэн юм. Хүрэл медалийн төлөө тоглолтод тэрбээр өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр гоол оруулж, чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Өнгөрсөн онд тэр хэвлэлд ярихдаа Трампыг “цагаан арьстныг дээдлэгч” гэж нэрлэж байв. 2019 онд дэлхийн аварга болсныхоо дараа тэр Цагаан ордонд болсон хүлээн авалтад оролцохоос татгалзаж байжээ. Тухайн үед Рапино “Цагаан ордонд Трамп байсан цагт хэзээ ч очихгүй” гэж ярьсан байдаг.

Трамп өчигдөр ярихдаа “Ягаан үстэй эмэгтэй маш муу тоглолоо. Тэр ихэнх цагаа хэт зүүний үзлийн талаар бодож өнгөрөөхийн оронд үндсэн ажлаа сайн хийх ёстой байж” хэмээн Рапиног шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP