Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантулга: УИХ-ын гишүүдийг тойрог бүрдээ амьсгалын нэг аппарат хандивлахыг уриалж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Амьсгал тэтгэгч" төрийн бус байгууллагаас "Нэг аппарат-Нэг амь" хандивын аян зохион байгуулж буй талаараа өнөөдөр танилцуулав. 

Уг аян эхлээд сар гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд цугларсан мөнгөөрөө амьсгал дэмжих 10 аппарат авч, улсын эмнэлгүүдэд хандивласан байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

"Нэг аппарат-Нэг амь" аяны ерөнхий зохион байгуулагч Г.Гантулга "Коронавирусийн дельта хувилбар манай улсад бүртгэгдэж, тархах эрсдэл бий болсон энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор амьсгал дэмжих аппаратны хандивын аяныг зохион байгуулж байгаа. 

Хандивын аянд ард иргэд, гадаад дахь монголчууд маань идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна.

Бидний тооцоолсноор манай улсад амьсгал дэмжих 500 гаруй аппарат шаардлагатай байгаа. Цар тахлын үед гол ачааллыг үүрч буй ХӨСҮТ-д 30, Цэргийн төв эмнэлэгт 12, Яармагийн эмнэлэгт 18 ширхэг аппарат бий.

Ирэх саруудад тархалт эрчимжиж, эмнэлгийн ачаалал нэмэгдвэл ор хүрэлцээгүй болох эрсдэл бий. 

Иймд төр засгаас эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Мөн бид УИХ-ын гишүүдэд хандаж, тойрог бүрдээ амьсгал дэмжих нэг аппарат хандивлах уриалга гаргаж байгаа. Уриалга бүхий албан бичгийг Даваа гарагаас хүргүүлнэ. Одоогоор УИХ-ын 20 гаруй гишүүнд хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй" гэлээ. 

Хандивын аяны хүрээнд оруулж ирж буй амьсгал дэмжих аппарат нь БНХАУ-ын "Comen" үйлдвэрийн NF5 загвар юм байна. Аппаратны нэг бүрийн үнэ 9.6 сая төгрөг бөгөөд аяны хүрээнд үнийг нь 7.2 сая төгрөг болгон бууруулахаар үйлдвэрлэгчтэй нь тохиролцжээ. 

Аппаратны ажиллагааны талаар "Нэг аппарат-Нэг амь" аяны ерөнхий зохион байгуулагч Г.Гантулга "Хүчилтөрөгч, орчны агаарыг хольж, уушгинд хүргэх температурыг тохируулдаг. Мөн чийгшүүлэгчтэй, шаардлагатай газарт зөөвөрлөн ашиглах боломжтой" гэв.