Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын бадминтоны холбоо тэмцээний үеэр хараал хэлсэн Хятадын тамирчны эсрэг гомдол гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын бадминтоны холбоо өчигдөр Дэлхийн Бадминтоны Холбоонд Хятадын тамирчны талаар гомдол гаргажээ.

Токио 2020 наадмын бадминтоны эмэгтэй хосын тэмцээнд Өмнөд Солонгосын багтай тоглох үеэрээ Хятадын тамирчин Чэн Чиньчэн хараалын үг олон удаа хэлсэн гэж буруутгасан байна.

Долдугаар сарын 27-ны өдөр Чэн өөрийн хамтрагч Жя Ифаны хамт Өмнөд Солонгосын хосыг 2:1 харьцаатай хожжээ. Энэ үеэр Чэн оноо авах бүртээ чангаар “во цао” гэж хашхирч байжээ.

Энэ нь мандарин хэлээр бүдүүлэг хараалын үгт тооцогддог гэнэ. Гэхдээ дуудлагыг нь бага зэрэг өөрчилбөл илүү зөөлөн утгатай болдог юм байна.

Тоглолтынхоо дараа Чэн хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж байжээ. “Би зөвхөн өөрийгөө хурцлахын тулд ийм үг хэрэглэсэн. Миний буруу дуудлага бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ гэж бодсонгүй. Би цаашдаа дуудлагаа засах тал дээр анхаарна” гэж Чэн Чиньчэн хувийн сошиал хуудсандаа бичиж байв.

Долдугаар сарын 31-ний өдөр шигшээ шатанд Өмнөд Солонгосын хостой дахин өрсөлдөхдөө Чэн бас л хараалын үг хэлж байжээ.

Гэхдээ Өмнөд Солонгосын гаргасан гомдол амжилтад хүрэх эсэх нь тодорхойгүй байна.

Учир нь Дэлхийн Бадминтоны Холбооны ёсзүйн дүрэмд “ямар ч хэлэнд зохисгүй агуулгатай гэж ойлгогддог үг хэллэгийг үзэгч, хөгжөөн дэмжигчдэд сонсогдохуйц чангаар хэлэхийг хориглодог” юм байна.

Чэн Чиньчиний хос энэ удаагийн олимпын наадамд Индонезийн багт хожигдож, мөнгөн медаль зүүсэн юм.

 

Эх сурвалж: Korea Times