Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Рианна тэрбумтан болсныг албан ёсоор зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Рианна тэрбумтан болсныг Форбс сэтгүүл өчигдөр албан ёсоор зарлажээ.

Дуучин бүсгүйн хөрөнгийн хэмжээг тус сэтгүүл $1.7 тэрбум гэж тооцоолсон байна. Үүний $1.4 тэрбум нь Рианнагийн байгуулсан Fenty Beauty косметикийн компанийн үнэлгээ ажээ.

Үлдсэн хөрөнгө нь Savage x Fenty дотуур хувцасны компанийн $270 саяын үнэлгээ болон бусад хөгжим, уран бүтээлийн орлогоос бүрдсэн байна.

Рианна нь одоо шоу бизнесийн ертөнцөөс төрсөн эмэгтэй тэрбумтнуудын хоёрдугаарт, нэрт хөтлөгч Опра Уинфригийн дараа бичигдэж байгаа юм. Харин хөгжмийн салбарт хамгийн баян эмэгтэй болж байна.

Жинхэнэ нэр нь Робин Фэнти болох Рианна Fenty Beauty компаниа 2017 онд Францын LVMH тансаг эдлэлийн аварга компанитай хамтран байгуулж байжээ.

Тэрбээр бизнесээ эхлэхдээ бүх төрлийн арьстай эмэгтэйчүүдэд зориулсан косметик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө зарлаж байв. Түүний энэ бодлогыг “Fenty Effect” гэж нэрлэж байсан ба бусад өрсөлдөгч компаниудын бүтээгдэхүүний бодлогод ч нөлөөлжээ.

Fenty Beauty эхний жилээ $550 саяын орлого олсон байна. Барбадос гаралтай, 33 настай Рианна цомгуудаа 250 сая гаруй хувь борлуулж байжээ. Гэхдээ тэр 2016 онд гаргасан Anti цомгоосоо хойш дахин уран бүтээл туурвиагүй юм.

 

Эх сурвалж: BBC