Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпоос буцах замдаа онгоцонд архидсан Австралийн тамирчдын талаар Японы агаарын тээвэрлэгч гомдол гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Токио 2020 наадмаас эх орондоо буцсан Австралийн хөлбөмбөг, рэгбигийн тамирчдын талаар Японы Japan Airlines компани Австралийн Үндэсний Олимпын Хороонд гомдол гаргажээ.

Хоёр багийн тамирчид Токиогоос Сидней хүрэх 10 цагийн урт нислэгийн үеэр архидан танхайрч, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулсан байна.

Тамирчид ажилтнуудын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, онгоцонд хадгалагдаж байсан согтууруулах ундааг хүчээр булаан ууцгаажээ. Тэдний зарим нь бөөлжиж, онгоцны бие засах өрөөг бөөлжсөөр дүүргэсэн тухай JAL компанийн гомдолд мэдээлсэн байна.

“Тамирчид улс орноо төлөөлдөг тул тэдний гаргасан зохисгүй ааш авирын мөрөөр арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж JAL компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Австралийн Үндэсний Олимпын Хороо гомдлын мөрөөр шалгалт явуулж эхэлснээ хариу мэдэгдсэн байна.

“Болсон явдлын талаар сонсоод үнэхээр их сэтгэл дундуур байна. Холбогдох спортын холбоод буруугаа хүлээж, Австралийн Олимпын Багаас уучлал гуйгаад байгаа” гэж Австралийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Мэтт Кэррол мэдэгджээ.

Онгоцонд болсон явдлаас гадна Австралийн тамирчид буцахаасаа өмнө олимпын хотхонд архидаж, өрөөнийхөө эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн тухай мэдээлэл тараад байгаа.

Тухайлбал тамирчдын өрөөний орыг эвдэж, ханыг цөмөлж, мөн шалыг нь бөөлжсөөр дүүргэсэн гэх мэдээлэл ирсэн юм.

Австралийн олимпын багийн ахлагч Ян Честермэн рэгбигийн болон сэлүүрт завины багийн тамирчид өрөөндөө архидсаныг хүлээн зөвшөөрсөн ч ямар нэг сахилгын арга хэмжээ авахгүйгээ мэдэгджээ.

“Хана цоолсон нь үнэн. Гэхдээ энэ тийм хэцүү зүйл биш. Нэг удаагийн зориулалтаар босгосон нимгэн ханыг том биетэй тамирчид санамсаргүйгээр цөмлөх нь байж болох асуудал. Та нар ч ингэж чадна” гэж тэр тамирчдаа өмөөрсөн байна.

 

Эх сурвалж: Kyodo News