Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Үнийн өсөлт, өрийн дарамтад иргэдийн нуруу бөхийсөөр...

П.Батзаяа, Өдрийн сонин
2021 оны 8 сарын 4
Өдрийн сонин
Зураг зураг
Өрийн дэвтэр, барьцаалсан бичиг баримтууд /Эх сурвалж: Өдрийн сонин/

Өнгөрсөн долдугаар сарын 2-н болон 30-ны өдрүүдэд шатахууны үнэ тус бүр 300 төгрөгөөр нэмэгдсэн.

Тухайлбал, АИ-92 авто бензин нэг литр нь 1,450 төгрөг байсан бол өнөөдөр 2,050 төгрөгт хүрээд байгаа юм. Энэхүү үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд орших “Дарь- Эх" зах, хүнсний бөөний төв болон найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зорьсон юм.

ЗАРИМ ИРГЭД ХОНОГИЙНХОО ХООЛНЫ НОГООГ ШИРХЭГ ШИРХГЭЭР НЬ ГРАММЛАЖ АВДАГ БОЛСОН

Үдийн 14 цагийн үед "Дарь- Эх" захаар ороход үйлчлүүлэгчид багатай эл хульхан байв.

Хүнсний ногоо болон гурил будааны тасгаар очлоо. "Ямар ногоо авах вэ. Ногоогоо аваарай” хэмээн худалдагчид ам уралдан хэлэв. Тэдний хувьд ийнхүү үйлчлүүлэгчээ нэгнээсээ урьтаж дуудах нь өдрийн орлогоо бага боловч нэмэгдүүлэхийн төлөөх тэмцэл гэдгийг тус захад гурван жилийн турш хүнсний ногооны худалдаа эрхэлж байгаа Г.Ганчимэг хэлж байна.

Сүүлийн долоо хоног бүх төрлийн ногооны үнэ килограмм тутамдаа 500-1,000 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Учир нь тэдэнд хүнсний ногоо бөөний үнээр нийлүүлдэг иргэд шуудай ногооныхоо үнийг 15-20 мянган төгрөгөөр нэмсэн гэв.

Тухайлбал, долоо хоногийн өмнө шуудай ногоо 80 мянган төгрөгөөр бөөндөж авдаг байсан бол өнөөдөр 100 мянган төгрөг болсон байна. Тиймээс энэхүү үнийн өсөлтийг килограмм тутамд нь шингээж нэмэхээс өөр аргагүй гэнэ.

Тодруулбал, шинэ ургацын монгол лууван килограмм нь 4,500 төгрөг, хятад лууван 3,500 төгрөгт хүрчээ. Долоо хоногийн өмнө төмс кг нь 2,000 төгрөг байсан бол 2,500, манжин 2,500-3,000, байцаа 3,000-3,500 төгрөг болж нэмэгдсэн байна.

Ийнхүү килограмм тутамд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс болж зарим иргэд хоногийнхоо хоолны ногоог ширхэг ширхгээр нь граммлаж авдаг болсон гэв.

Биднийг ийнхүү ярилцах зуур 30 гаруй насны эмэгтэй нэг байцаа, хоёр килограмм лууван, таван килограмм төмс авлаа. Нийт тооцоо 3,1000 төгрөг болсныг дуулахтай зэрэгцэн эмэгтэй бухимдаж эхлэв.

“Та нар яахаараа өөрсдийнхөө аманд орсон үнийг хэлж байдаг юм. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байна. Бензин шатахууны үнэ нэмэгдлээ гэх сургаар бүгд үнээ нэмчих юм. Эргээд шатахуун буухаар буулгадаггүй биз дээ. Тэгвэл наад ногоог чинь авахаа болилоо" хэмээн ширэв татав.

Худалдагч бүсгүй “Бид ямар санаанаасаа зохиосон үнээ хэлээд байгаа биш дээ. Цаанаасаа л үнэ нь нэмэгдээд байна шүү дээ" гэх түүний тайлбарыг сонсох сөхөөгүй цааш явчихав.

Хэдийнээ уутлаад бэлдчихсэн ногоонуудаа эргүүлэн гаргах зуураа “Үнийн өсөлт иргэд болон худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүсийн дунд үл ойлголцол гарахад хүргэдэг. Иргэд биднийг үнэ нэмээд байна гэж ойлгодог. Гэтэл бид чинь өдөрт түрээсийн төлбөрөө төлөөд хоолныхоо мөнгийг илүүчлэхийн тулд зогсдог юм шүү дээ.

Хүнсний ногооноос гадна нарийн ногоо тансаг хэрэглээндээ орсон. Хотын төвийнхөн ямар байдгийг мэдэхгүй. Дарь-Эх захаар үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь гэр хорооллынхон болохоор арай дөнгүүр амьдралтай хүмүүс л нарийн ногоо авдаг.

Түүнээс биш хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс нарийн ногоо руу хялайх ч үгүй. Нарийн ногоо амархан муудчихдаг. Тиймээс зарж ашиг олохоос илүү алдагдалд орох эрсдэлтэй" гэв.

ЖИЖИГ САВЛАГААТАЙ, ҮНЭ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОЖ БАЙНА

Гурил будаа, ургамлын тосны тасгийн худалдагч Д.Долгоржав хэлэхдээ, бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Тухайлбал, таван килограммын хар сакура будааны үнэ 20-25 мянган төгрөг болж 5,000 төгрөгөөр нэмэгдсэн. Иргэд аль болох хамгийн хямд гурил, будаа, ургамлын тос авч хэрэглэж байна.

Хэдийгээр гурилын үнэ одоогоор нэмэгдээгүй ч наймдугаар сарын дундуур нэмэгдэнэ гэдгийг борлуулагчид нь хэлж байна. Тиймээс бид мөнгөнийхөө боломжид тааруулаад аль болох нөөцлөхийг хичээж байна.

Гэхдээ иргэд 25 кг-ын гурил авахаас илүүтэй нэг юм уу таван кг-ын гурил, будаа түлхүү худалдан авч байна. Өмнө нь таван литрийн ургамлын тос сардаа 10-15 ширхэг зарагддаг байсан бол энэ сард таван ширхгийг ч зараагүй.

Иргэд мөнгө санхүүгийн байдалдаа тааруулаад жижиг савлагаатай, үнэ хямд бүтээгдэхүүн сонгож байна. Энэ мэт жишээнээс иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг харж болно.Зарим иргэд “Бичиг баримт, эд хогшлоо тавья аа. Хэд хоног идэх гурил, будаа зээлээч" гэж байна.

Манайх өдөрт багадаа 600-800 мянган төгрөгийн орлоготой байсан. Одоо хамгийн ихдээ 300 мянган төгрөгийн орлоготой болж, орлого хоёр дахин буурсан. Ингээд тооцохоор бидний мөнгө эргэлтгүй гацчихаж байгаа юм. Ахмадын тэтгэвэр буух. хүүхдийн мөнгө орох, цалин буух хэдэн өдрүүдэд орлого харьцангуй сайжирдаг. Бусад өдрүүдэд таны харж байгаачлан үйлчлүүлэгч ховор л байна шүү дээ хэмээн ярилаа.

СҮҮЛИЙН ҮЕД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨЖ, ӨРИЙН ДЭВТЭР ЗУЗААРСАН

Тус худалдааны төвөөс гараад Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлаас чанх хойш чиглэн гудамж өгссөөр “Буурал хайрхан" хүнсний дэлгүүр рүү орлоо. Тус дэлгүүрийн худалдагч сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өрийн дэвтэр зузаарсныг хэлж байна.

“Манай энэ хавийн айлуудад төрийн албанд ажилладаг хүн ховор. Бүгд л хувийн байгууллагад ажилладаг. Сүүлийн үед нэг бол ажлаасаа халагдчихлаа, эсвэл цалингаа өгөхгүй байна" гэж орж ирэх хүмүүс олон болсон. Энэ хавийнхаа айл өрхийн амьдралыг бид нар андахгүй дээ.

Ихэнх нь халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгөөр амьдардаг айл өрхүүд байна. Үнэн учраа хэлээд хоногийн хоол зээл өгөөч гээд ороод ирэхээр яах ч аргагүй өгөөд л явуулах юм. Сүүлдээ өөрөө эргэлтийн мөнгөгүй болох дээрээ тулаад байна хэмээн өрийн дэвтэр дээрх тэмдэглэлээ үзүүлэв.

Он гарсаар хоёр бүтэн дэвтэр дуусгаад дахин нэгийг эхлүүлсэн гэнэ. Зарим иргэд зээлээ төлөлгүй 3-4 cap болж байгаа аж. "Үнэндээ мөнгө байвал өгчихдөг л дөө. Үнэхээр мөнгөгүй байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Зарим нь иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр, банкны картаа барьж орж ирээд хүүхдүүддээ хоногийн хоолны юм авах гэсэн юм гээд л учирлах юм.

Надад одоогоор 30 орчим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, халамжийн дэвтэр байна. Огт барьцаагүй өгөөд байх хэцүү болохоор худлаа үнэн бичиг баримтыг нь авч үлдэх юм"гэсээр гартаа багтаж ядсан бичиг баримт үзүүлэв.

“Үнэндээ ард түмний амьдрал ингэж л доройтоод байна шүү дээ. Төрийн ордонд суудаг нөхдүүд захын гэр хорооллын дэлгүүрийн худалдагч бид нараас ард түмний амьдрал ямар байгааг асуумаар юм. Тэд гэр хорооллынхноос тасарчихсан амьдралтай болохоор иргэд яаж амьдарч байгааг мэдэхгүй л дээ.

Хоногийн хоолондоо мах хэрэглэж байгаа айл бол арай боломжийн амьдралтайд тооцогдоно

Хоногийн хоолондоо мах хэрэглэж байгаа айл бол арай боломжийн амьдралтайд тооцогдоно. Түүнээс биш ихэнх нь дотор гэдэс л авна шүү дээ. Дэнжийн мянга дээр дотор гэдэс ч олдохоо больсон. Өмнө нь 800-1,000 төгрөгөөр аваад 1,200-1,500 төгрөгөөр зардаг байсан жижиглэн (зарим нь нохойн хоол гэж нэрлэдэг) өнөөдөр бөөний үнэ нь 1,500 төгрөг болчихсон байна.

Өмнө нь 800 төгрөг байхад нь арай гэж худалдаж авдаг байсан хүмүүс 1,500 -1,800 төгрөг болчихоор яах юм бүү мэд" гэв.

Худалдагчийн хэлсэн жижиглэнг задлаад үзвэл багахан хэмжээний уушги, бөөр, өөх, зүрх л байна. Нийт жин нь 500-600 грамм аж. Үүгээр хэдэн ам бүлийн оройн хоол хийдгийг тааж үл чадна.

Тус дэлгүүрт дотор махан таташ хэмжээнээсээ хамаараад 2,500-3,000 төгрөгийн үнэтэй байгаа бол богийн зүрх нэг килограмм нь 8,500 төгрөгийн үнэтэй байна.

Нэг ширхэг зүрх жинлүүр дээр тавин тооцуулахад 1,800 төгрөг болж байх. Тэгэхээр 2,000 төгрөг өөр нэг ширхэг зүрх авах уу, таташ авах уу, жижиглэн авах уу гэсэн сонголтын өмнө нь ирэх нь тэр.

Биднийг ийнхүү ярилцаж байх зуур бага насны хүүхдээ тэвэрсэн залуу бүсгүй орж ирээд нэг таташ, хоёр ширхэг төмс, нэг лууван тавиулан тооцуулахад 5,000 төгрөг болов. “Эгч ээ, нохойн хоолны гоймон нэгийг авъя" гэхэд худалдагч бидний нэрлэж заншсанаар 10-ийн уутанд боосон нунтагдуу гоймонгоос авч өгөв.

Дэлгүүрийн худалдагч хэлэхдээ, нохойн хоолны гоймон л гэнэ, өөрсдөө л хоол хийж иддэг байхгүй юу. Хүн байхаар санаа зовсон бололтой. Намайг ганцаараа үед орж ирэхдээ жижиг гоймноос авъя л гэдэг юм.

Нохойн хоолны гоймон ч гэж дээ гоймонгийн үйлдвэрүүдээс гардаг хаягдал гоймон л доо. Хүмүүс нохойн хоолны гоймон гээд нэрлэчихсэн болохоос биш хэмээн учирлав. 2,000 төгрөгийн үнэтэй тус гоймонгоор хамгийн багадаа гурван удаа хоол хийгээд идэх боломжтой гэнэ.

БАНШТАЙ ЦАЙНЫ ТАНСАГЛАЛ

Үнэндээ ядуурал, ажилгүйдэлд өртсөн бидний хэлж заншсанаар нийгмийн эмзэг бүлгийнхнийг холоос хайх хэрэг алга. Урдхан талд минь байшин хороолол сүндэрлэж байхад, уулын орой дээр шил шилээ дараад бүрээс нь уранхай, өрх нь салбархай бөөрөнхий гэрт амьдрал үргэлжилж, ирээдүйн эх орны эзэд гэдэс нь хоосон ч өсөж торниж байна.

Будаатай цайны үнэр хамар цоригсон гэрт явж орлоо. 2-18 насны таван хүүхэд будаг нь халцарсан модон ширээ тойрч суугаад саяхан аягалсан банштай цайг оочилно. Өнөөдөр тэдний баярт өдөр. Учир нь аав хөдөөнөөс ирсэн учраас ийнхүү банштай цайтай өдрийг угтаж байгаа гэнэ.

Энэ бол О.Батхуягийнх. Тэднийх ам бүл долуулаа. Одоогоор хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөг тэдний гэр бүлийн гол орлого. О.Батхуяг хувийн компанид түгээлтийн жолоочоор ажиллаж байсан ч коронавирусийн улмаас компани нь ашиггүй ажиллаж эхэлсэн тул ажлаасаа халагдсан байна.

Үнэндээ ядуурал, ажилгүйдэлд өртсөн бидний хэлж заншсанаар нийгмийн эмзэг бүлгийнхнийг холоос хайх хэрэг алга.

Хэд хоногийн өмнөөс Төв аймаг руу ногоо тариалалтын ажилд орсон гэнэ. Өчигдөр захирлын хамт хот руу орж ирэхдээ цалингаасаа 50 мянган төгрөг гуйж авсан учраас өнөөдөр хүүхдүүд нь банштай цай ууж “тансаглаж" байгаа гэнэ. Түүний эхнэрийг Г.Отгонбаяр гэдэг. Тэрээр ажлын байр олдохгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь тэдэнд хүндхэн тусаж байгааг хэлж байна.

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх учраас хүүхдийнхээ мөнгөнөөс бага боловч хуримтлуулахыг хичээж байгаа ч энэ хэвээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байвал яах учраа олохгүй байна гэв.

Буцах замдаа уулын энгэрт шуурганд бүрээс нь дэрвэн байгаа гэрийн зүг чиглэлээ. Тус гэрийн урд талд байх гэрээс 60 гаруй насны эмэгтэй гарч ирэв. Түүнийг БЗД-ийн 27 хорооны иргэн Д.Дугар гэдэг. Тэдний хойно байрлах уг гэр түүний том хүү Д.Батсүхийнх гэнэ.

Тус айл 0-9 насны дөрвөн хүүхэдтэй аж. Нөхөр нь Боса компанид борлуулагч хийдэг байсан ч коронавирусийн хямралын улмаас ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжжээ. Эхнэр нь барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй тул хаа нэгтээ ажил байгаа эсэхийг сураглахаар гарчээ.

Хүүхдийн мөнгө энэ өрхийн гол санхүүгийн эх үүсвэр. Энэхүү айлд хадгалаад байх хүнс ч алга, хөргөгч ч алга. Хэзээ ирэх нь үл мэдэх ээж аавыгаа хүлээх хүүхдүүд бороотой өдрийн салхи өрхний оосор нижигнүүлэхтэй зэрэгцэн дулаан хөнжилдөө шургана.

Өнөөдөр ард түмний амьдралыг элдэв хачиргүйгээр харуулахад ийм л байна. Иргэдийн амьдрал үнийн өсөлт, өрийн дарамтад нэрвэгджээ.

Эцэст нь Статистикийн үндэсний хорооны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг наймдугаар сарын 2-ны байдлаар харьцуулахад нэгдүгээр зэргийн савласан гурил нэг кг нь 1,376 төгрөг байсан бол 1,400 болжээ. Түүнчлэн, хоёрдугаар зэргийн савласан гурил нэг кг нь 990 төгрөгөөс 1,100 төгрөг болжээ. 

Мөн үүнийг дагаад талхны үнэ өссөн байна. Баянзүрх, Барс-1 захуудад зүсээгүй Атар талх 1,280-аас 1,300 болж өсжээ. Одоогийн байдлаар үхэр, хонь, ямаа, адууны махны үнэ тогтвортой байна.

Харин тахианы мах 9,632 байсан бол 9,800 төгрөг болж өсжээ. Өндөг 373 төгрөг байсан бол 410 төгрөг болж нэмэгдсэн байна. Нэг литртэй ургамлын тос зургадугаар сарын 30-нд 4,450 төгрөг байсан бол нэг сарын дотор 550 төгрөгөөр өсөж, 5,000 төгрөг болжээ.

Нэг кг лууван 2,000 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдрийн байдлаар 5,000 төгрөг болжээ. Сонгино кг нь 2,100 байснаас 3,500 болж нэмэгдсэн бол байцайны үнэ 2,450 байснаас 2,500 болж өссөн байна.

Амтат чинжүүний үнэ кг нь 6,900 төгрөг байснаас 8,000 төгрөг, улаан лооль 8,650 байснаас 10,000 болж өссөн үзүүлэлттэй байна.

Такси үйлчилгээний үнэ шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө км тутамд 1,000 төгрөг байсан бол 500 төгрөгөөр нэмэгдэж, 1,500 төгрөг болсон байна.

Өдрөөс өдөрт нэмэгдэх үнийн өсөлт, өрийн дарамтад иргэдийн нуруу бөхийсөөр л байна. Тун удахгүй туйлдаж унахыг нь харсаар л суух уу?!

Зураг