Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны батлан хамгаалахын сайдын гэрт халдлага гарах үеэр дөрвөн хүн алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Кабул хот дахь Афганистаны батлан хамгаалахын сайдын гэрт зэвсэгт халдлага гарах үеэр дөрвөн хүн алагдаж, 20 хүн шархджээ.

Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед Кабулын засгийн газрын эсрэг байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж буй Талибан хөдөлгөөнийхөн байх магадлалтай юм.

Тус хөдөлгөөнийхөн одоо Афганистаны баруун болон өмнөд мужийн нийслэлүүдийг эзлэхээр дайтаж байгаа.

Өчигдрийн халдлага Кабулын “ногоон бүс” гэгддэг өндөржүүлсэн харуул хамгаалалттай дүүрэгт болжээ. Энд тус улсын засгийн газрын гишүүд, улс төрчдийн гэр байрладаг.

Халдлагын үеэр батлан хамгаалахын сайд болон түүний гэр бүлийн гишүүд эсэн мэнд гарсан байна.

Эхлээд сайдын гэрийн ойролцоо хүчтэй дэлбэрэлт болж, дараа нь зэвсэгт этгээдүүд нэвтэрсэн тухай аюулгүй албаныхан мэдээлжээ.

Цагдаагийн тусгай хүчний ажиллагааны үр дүнд гурван зэвсэгт этгээдийг устгасан байна. Сайдын гэр оршдог гудамжийг хааж, ойролцоо амьдардаг олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Кабул хотод сүүлийн үед гарсан ихэнх террорист халдлагыг тус улс дахь Исламын Улс бүлэглэл хүлээгээд байгаа. Гэхдээ энэ удаагийн халдлагыг Талибан хөдөлгөөнийхөн үйлдсэн гэж албаныхан үзэж байна. АНУ-ын засаг захиргаа мөн уг халдлагын цаана Талибанчууд байх өндөр магадлалтайг мэдэгдээд Афганистаны засгийн газарт эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP