Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрт нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна.

Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгаа" хэмээн ярилаа.

Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэнэ

“Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа, стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүдийн  үүрэг оролцоо чухал учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол шийдвэрлэх боломжтой ажил. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой” хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцлов.

Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.