Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Украин дахь Беларусь цагаачдын тэргүүнийг Киев хотын цэцэрлэгт хүрээлэнд дүүжилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нэг өдрийн өмнө сураггүй алга болоод байсан Украин дахь Беларусь цагаачдын байгууллагын тэргүүний цогцсыг өчигдөр Киев хотын захын нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс олжээ.

Түүнийг модноос дүүжилсэн байсныг Украины цагдаагийн газар мэдээлсэн байна.

26 настай Виталий Шишов нь Беларусийн Танхим нэртэй төрийн бус байгууллагын тэргүүн байсан юм. Түүний байгууллага Александр Лукашенкогийн дэглэмээс зугтсан нутаг нэгтнүүдээ Украинд суурьшихад тусалдаг байжээ.

1994 оноос хойш Беларусийг захирч байгаа ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийн эсрэг иргэдийн тэмцэл сүүлийн нэг жил орчим хугацаанд үргэлжилж байгаа.

Лукашенкогийн мөрдлөг, хавчлагаас зугтсан олон хүн хөрш Украин, Польш, Литва улсуудад дүрвэн ирсээр байгаа юм.

“Өчигдөр сураггүй алга болсон Беларусийн иргэн Виталий Шишовын цогцос өнөөдөр амьдардаг газраас нь холгүй оршдог Киевийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн модноос дүүжилсэн байдалтай олдлоо” гэж Украины цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Цагдаа нар хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хохирогчийг амиа хорлосон байдалтай харагдуулахаар аллагыг зохион байгуулсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Талийгаачийн нүүр шарх сорвитой, хамар нь хугарсан байсан тухай түүний хамтрагчдын нэг Олег Овчинников ярьжээ.

Беларусийн Танхим байгууллага тэргүүнийхээ аллагад Лукашенкогийн дэглэмийг буруутгасан байна.

“Дэглэмд аюул учруулж буй Беларусийн иргэдийг устгах чекистүүдийн нууц ажиллагаа хэрэгжсэн нь эргэлзээгүй” гэж тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Шишов нь Даваа гарагийн өглөө гэрийнхээ ойролцоо гүйхээр гараад сураггүй болсон юм.

Өмнө нь түүний амь насанд халдах сүрдүүлэг ирж байсан гэдэг. Мөн өглөө гүйхэд нь үл таних хүмүүс дагаж байсан гэх мэдээлэл бий.

Виталий Шишов 2020 оны намар засгийн газрын эсрэг тэмцэлд оролцсоныхоо дараа Украинд дүрвэн ирж байжээ.

Лукашенко өөрийн дайснуудыг захиалгаар алуулдаг гэх мэдээлэл шинэ зүйл биш юм. Беларусийн цагдаагийн тусгай тасагт алба хааж байсан Юрий Гаравксий гэгч 20 жилийн өмнө Лукашенкогийн гурван өрсөлдөгчийн амийг хөнөөснөө 2019 онд Германы Deutsche Welle агентлагт ярьсан нь дуулиан дэгдээж байв.

Шишовын амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдийг олж тогтоохыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн салбар хороо Украины засгийн газарт уриалжээ.

 

Эх сурвалж: AFP