Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тосны үйлдвэрийн хоёр, гуравдугаар багц ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг 8, 9 дүгээр сард хийнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуйн нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийв.

Энэ үеэр Уул уурхайн сайд Г.Ёндон газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл өглөө.

 Тэрбээр "Төрийн зүгээс шатахууны үнийг тогтоодоггүй. Зөвхөн хяналт тавьдаг. 2021 оны нэгдүгээр сараас шатахууны үнэ өсөж эхлэхэд төрийн зүгээс ААН-үүдэд ямар ч санхүүжилт олгоогүй.

Нэгдүгээр сараас үе шаттайгаар шатахууны үнэ нэмэгдсэн бол сар сараар нэмэгдэх байсан. Зургаан удаа шатахууны үнэ нэмэгдсэн бол илүү хүнд тусах байсан. Манай улс газрын тосны нөөцтэй. Тодруулбал, 332 сая тоннын газрын тосны ашиглалтын нөөцтэй гэсэн тоо баримт байдаг. Одоогоор манай улс 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай. Бид яаж ч хичээсэн гадаад зах зээлээ дагаад савлана.

Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болно. Энэ нь бидний хамгийн гол шийдвэр. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил дөрвөн багцаас бүрдэж байгаа.

Эхнийх нь буюу технологийн бус барилга байгууламж барих ажил эхлээд байна. Энэтхэг компани энэ ажлыг гүйцэтгэнэ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад ажлаа 2021 оны нэгдүгээр сарын 15-наас эхэллээ. Энэ оны найм, есдүгээр сард газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багц ажлын тендерийн бичиг баримтыг задлах, шалгаруулах ажил хийгдэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 1.3 сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Улсын стратегийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Энэ талаар ААН-үүдтэй хамтарч ажиллахаар тохиролцсон. Маргааш Засгийн газрын хуралдаанд эдгээр асуудлыг танилцуулна" гэв.