Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан АНУ-ын сенаторуудаас анхны хүн коронавирусийн халдвар авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан АНУ-ын сенаторуудаас анхны хүн коронавирусийн халдвар авчээ. Өмнөд Каролина мужид Бүгд Найрамдах намаас сонгогдсон 66 настай сенатор Линдси Грэм халдвар авсан тухайгаа Даваа гарагт мэдэгдсэн юм.

Түүнд Бямба гарагийн оройноос эхлэн ханиадны шинж тэмдэг илэрч, Ням гарагт шинжлүүлэхэд хариу нь эерэг гарсан байна.

Халдвар авсан нь батлагдсаны дараа Грэм 10 хоног тусгаарлагдахаар болжээ. 

“Covid-19 өвчний шинж тэмдэг надад хөнгөн хэлбэрээр илэрч байгаа. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсандаа баяртай байна. Хэрвээ тэгээгүй бол миний биеийн байдал одоогийнхоосоо хавьгүй дор байх байлаа” гэж Грэм ярьжээ.

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вакцинжуулалтад хамрагдсан юм.

Сүүлийн үед АНУ-ын хүн амын дунд коронавирусийн Дельта хувилбар өргөн тархаж, халдварын шинэ давалгаа эхлээд байгаа.

Энэ удаагийн дэгдэлт вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст илүү хүнд тусаж байгааг тус улсын Халдварт Өвчин Судлалын Төв мэдээлсэн юм.

Тухайлбал өвчин нь хүндэрч, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 99 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс байжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын мэргэжлийн байгууллагууд дотоод орчинд амны хаалт заавал зүүхийг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст зөвлөж эхлээд байна.

 

Эх сурвалж: Associated Press