Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Степ Голд Лимитед” хувьцаагаа хөрвүүлэх боломжтой Монголын хоёр дахь компани болов

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Канад болон Монгол Улсын хооронд хувьцаа хөрвүүлэх гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Тодруулбал, манай улсын тэргүүний үнэт металл үйлдвэрлэгч "Степ голд лимитед”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн төлөөллүүд болон Канадын TSX Trust байгууллага энэхүү гэрээг үзэглэв. 

"Степ Голд Лимитед” компани нь Монголын уул уурхайн салбарт үнэт металл үйлдвэрлэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох зорилтын хүрээнд жилд 50-60 мянган унц алт гарган авах төлөвлөгөө тавин ажиллаж байгаа аж.

Компанийн үндсэн төсөл болох Алтан Цагаан Овоо төслийг цогцоор нь хөгжүүлэхэд нийт 160 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо төслийн 2-р шатыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ шатанд гарц нь өсөх аж. Тус компанийн хувьд Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөж буй. 

Энэ оны есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар бэлтгэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Степ Голд Лимитед”-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Солонго "Энэ оны есдүгээр сард бид Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар бэлтгэж ажиллаж байна. 2023 оноос манай уурхайн хоёрдугаар үе шат эхэлнэ. Ингэхийн тулд бид энэ оноос бүтээн байгуулалтын бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. 

Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах ажлын явц дуусах шатандаа орж, шаардлагатай бүх зөвшөөрлөө авсан. Манай компанийн Алтан цагаан Овоо уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Үнэт металлаа 100% Монголбанкинд тушааж байна. Мөн Баянхонгор аймагт байрлалтай Уудам хөндий хайгуулын төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна" хэмээн ярилаа. 

Үйлдвэрлэлийн гарц 2-3 дахин өсөхөөр тооцож байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

“Степ Голд Лимитед”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Грег Вүүд “Манай төсөл маш ирээдүйтэй. Төсөл үргэлжлэх нийт хугацаа 10 жил. Одоо нэгдүгээр шатанд үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна.

Төслийн хэмжээнд 300 гаруй ажилтан байдаг. Бүгд монголчууд. 2-р шатанд 500 гаруй болж нэмэгдэхээс гадна үйлдвэрлэлийн гарц 2-3 дахин өсөхөөр тооцож байна” гэв.

Монголын хөрөнгийн биржээс тухайн компанийн хувьцааг худалдаж авах нь том боломж

 
Гэрэл зургийг mpa.mn

ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва Канад Монголын биржийн хооронд хувьцаа хөрвүүлэх боломж нь ямар давуу талтай талаар "Хоёр биржийн хувьд үнийн ханшийн зөрүү гарах учраас аль давуу талтай тал руу хувьцаагаа шилжүүлэх, Торонтод байгаа хувьцааг өөртөө нийлүүлж хөрөнгөө ихэсгэх, гадаадад хөрөнгө оруулагч болох боломжтой. Энэ бол манайд анх хийгдэж байгаа зүйл биш. Хоёр дахь компани болж байна. Заавал гадаадаас гэхгүйгээр, Монголын хөрөнгийн биржээс тухайн компанийн хувьцааг худалдаж авах нь том боломж.

Эрдэнэс Тавантолгойн 1,072 хувьцааг иргэд эзэмшдэг болсноор Монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн мэдлэгтэй болсон. Одоогоор манайд Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний 2.3 сая нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дээр дансаа нээлгээд байна. Ингэснээр хөрөнгийн биржээс хувьцаа, бонд авах бүх боломж нээлттэй болж байгаа гэсэн үг" гэв.

2018 оноос хойш Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд Монголд давхар хувьцаа гаргаж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин "Сноу Хил Консалтанси" хуулийн нөхөрлөлийн хуульч Х.Болорчимэг давхар бүртгэл компаниудад эрх зүйн ямар боломж олгож буй талаар "Степ Голд" нь давхар бүртгэл хийлгэсэн Монголын хоёр дахь компани болж байна. Ингэснээр тухайн компани хувьцаагаа хөрөнгийн бирж хооронд хөрвүүлээд, хувьцаа эзэмшигчид өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж байгаа.

2018 оноос хойш гадаадад буюу тэр дундаа Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд Монголд давхар хувьцаа гаргаж байгаа нь энэхүү чиглэлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс нь болж байна. Төрийн зохицуулагч байгууллагаас холбогдох журмуудыг гаргаж, өөрчлөлт оруулж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Монголын хөрөнгө оруулагчид гадаадын биржид өөрсдийн хувьцааг гаргах боломж нээгдлээ

 
Гэрэл зургийг mpa.mn

Ард Секюритиз ҮЦК-ийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан давхар бүртгэлийн ач холбогдлын тухайд "Канадад байгаа хувьцааг манай улсын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржээс өртөг багатай, цаг хугацаа хэмнэж шуурхай авах боломж бүрдлээ. Мөн Монголын хөрөнгө оруулагчид гадаадын биржид өөрсдийн хувьцааг гаргаж зарах боломж нээгдэж байна.

Гадаадын биржүүд дээр арилжаалагддаг манай орны хувьцаанууд Монголын биржид давхар бүртгэл хийлгэвэл олон давуу талтай. Тухайлбал, гадаадын биржид манай улсын Оюу толгой, Энержи Ресурс зэрэг томоохон компанийн хувьцаа бий. Эдгээр хувьцаа Монголын хөрөнгийн биржид орж ирвэл зах зээлийн багтаамж ихсэж, хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнүүд гарна" гэлээ.