Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН ББСБ” ХК-ийн толгой компани болох “АНД ГЛОБАЛ” нь 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нэмэлтээр “ЛэндМН ББСБ” ХК-д оруулахаар болжээ

A.Жаргал
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн 5 дахь өдөр  болж өнгөрсөн байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь энэ хурлын шийдвэрээр АНД группийн толгой компани болох “АНД Глобал” компаниас 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хоёрдогч өглөгөөр авахаар шийдвэрлэжээ.

Хоёрдогч өглөгөөрх хөрөнгө оруулалт нь 5 жилийн хугацаатай, жилийн 14%-ийн хүүтэй ба хугацааны эцэст хувьцаанд хөрвөх эсэхийг ЛэндМН-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдэх юм. Энэхүү хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүн  гаргахад ашиглахаар төлөвлөж байна.

Ийнхүү хоёрдогч өглөгөөр хөрөнгө оруулалт авч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ЛэндМН нээлттэй бонд болон итгэлцлээр нэмэлт эх үүсвэр татах боломжийг олгож байгаа болно.

 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн толгой компани болох Анд Глобал компани нь Марубени корпораци болон SBI Holdings (хуучнаар Softbank investment), Цахиурын хөндийн Techstars венчур хөрөнгө оруулалтын сангаас Монголын СтартАп компанийн анхны олон улсын Series A шатны хөрөнгө оруулалтыг  нийт 15.3 сая ам.доллароор татан төвлөрүүлсэн ба энэ нь Монголдоо төдийгүй Азидаа томдоо орох Series A шатны хөрөнгө оруулалт боллоо.

Мөн Анд Глобал компани нь Марубени корпораци болон SBI Holdings компаниудтай Ази Номхон далайн бүс нутагт “Open Alliance” буюу нээлттэй хамтын ажиллагааг эхлүүлсэн ба ингэснээр өөрсдийн зохион бүтээсэн технологи болон “Ноу-Хау”-аа Марубени корпораци болон SBI-тай хамтран олон улсын банк санхүүгийн байгууллагуудад нийлүүлэх ажил нь улам эрчимжиж байгаа болно. Мөн татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө өөрийн охин компани болох ЛэндМН-д нэмэлт хөрөнгө оруулалт хийж байгаа Анд Глобал нь ЛэндМН-ийн саяхан гаргасан 5 тэрбум төгрөгийн нээлттэй бондын 100% батлан даалтыг гаргасан билээ.

 

ЛэндМН-ийн ТУЗ-ийн хурлаар нэлээдгүй асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг нь  2021 оны санхүүгийн тайланд аудит хийх хөндлөнгийн аудитын байгууллагаар “Эрнст энд Янг Монголия Аудит”  олон улсын аудитын компанийг сонгосон байна.  “ЛэндМН ББСБ” ХК нь олон улсын нэр хүндтэй Том-4 /Big Four/-т багтдаг “Эрнст энд Янг Монголия Аудит”-компаниар сүүлийн 4 жил дараалан аудит хийлгэж байгаа бөгөөд ингэснээрээ санхүүгийн тайлагналдаа олон улсын стандартыг хэрэгжүүлдэг гэдгээ баталсаар байна.

Мөн ЛэндМН-ийг технологийн шийдлээр ханган ажилладаг “Анд Системс Тех” компанитай байгуулсан 50 жилийн хугацаатай технологи болон лицензийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг ТУЗ-өөс зөвшөөрлөө. Ийнхүү нэмэлт өөрчлөлт орсноор ЛэндМН-ийн ашиглаж буй технологийн хөгжүүлэлт нь улам хурдсах ба “Анд Системс Тех”-ийн хөгжүүлээд буй бусад улс орнуудад ашиглаж буй технологиудыг ЛэндМН нь ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр өөрийн үйл ажиллагаандаа ашиглах боломж нь бүрдлээ.

Тус ТУЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Болдбаатар нь  “ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллахаар болжээ. О.Болдбаатар захирал нь Анд Группийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд КОВИД-19 цар тахлын үед өөрийн менежментийн арга барил, туршлага дээр үндэслэн ЛэндМН-ийн бизнесийн үйл ажиллагааг оновчтой удирдаж амжилттай ажиллажээ. Тэрээр өөрийн ажил үүргийг ЛэндМН компанийн дэд захирал Б.Удвалд шилжүүлэн өгсөн байна.

 

Б.Удвал нь БНТУ-ын Анкарагийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Монгол улсын тэргүүлэх компани болох MCS группийн охин компаниудад Бизнес хөгжил хариуцсан захирал, Бизнес хөгжил маркетинг хариуцсан захирал зэрэг албан тушаалд мөн бизнесийн болон мэдээллийн технологийн олон төслүүд дээр ажиллаж байсан арвин туршлагатай удирдах ажилтан юм. 

2020 оноос эхлэн  “ЛэндМН ББСБ” ХК-д дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд  2021 оны 7 сарын 30-ны өдрийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод байна.

ТУЗ-ийн хурлын эдгээр шийдвэрүүд нь компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилготой чухал шийдвэрүүд ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.