Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос руу хууль бусаар газрын тос тээвэрлэсэн Сингапурын тэнгисийн хөлгийг АНУ хурааж авахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн хоригийг зөрчин Умард Солонгос руу газрын тос тээвэрлэж явсан Сингапурын эзэмшилтэй тэнгисийн хөлгийг хурааж, өмчлөлдөө авах болсныг АНУ-ын хууль зүйн яам өчигдөр зарлажээ.

2,734 тонн газрын тос тээвэрлэх багтаамжтай M/T Courageous нэртэй уг хөлөг одоо Камбожийн боомтын зогсоолд байгаа юм. 

Хөлгийг эзэмшиж байсан Сингапурын иргэн Квек Ки Сэнг одоо АНУ-ын хууль зүйн яам эрэн сурвалжилж байгаа ажээ.

Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд “Квек болон түүний хамтрагчид АНУ, НҮБ-ын эдийн засгийн хоригийг зөрчиж, Умард Солонгос руу газрын тос тээвэрлэдэг байсан нь батлагдсан” гэсэн байна.

Эзэмшигчид нь Courageous хөлгийн газар зүйн байрлал мэдээлэх системийн ажиллагааг 2019 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл зогсоож байжээ. Энэ хугацаанд хөлөг онгоц доод тал нь $1.5 саятай тэнцэх газрын тосыг хөлгөөс хөлөгт шилжүүлж тээвэрлэх нууц ажиллагаанд оролцсоныг АНУ-ын эрх баригчид хиймэл дагуулын зурагнаас илрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл тээвэрлэж явсан газрын тосоо далайд уулзсан Умард Солонгосын хөлөгт шилжүүлэн ачиж байжээ.

Сингапурын иргэн уг үйл ажиллагаагаа нуухын тулд оффшор компанийн нэр ашиглах, олон улсын тэнгисийн тээврийн захиргаанд худал мэдээлэл өгөх зэргээр хууль зөрчсөнийг тогтоосон байна.

Түүнийг Умард Солонгосын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг зөрчсөн, мөнгө угаах хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгажээ.

Courageous хөлгийг 2020 оны гуравдугаар сард АНУ-ын хүсэлтээр Камбожийн эрх баригчид саатуулсан юм байна.

Цөмийн зэвсэг бүтээж, туршсан шалтгаанаар Умард Солонгосын дэглэмд АНУ болон НҮБ эдийн засгийн хориг зарлаад удаж байгаа. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ Вашингтон, Пёньяны хооронд хэд хэдэн удаа зохион байгуулагдсан ч одоогоор ямар нэг үр дүнд хүрээгүй байна.

 

Эх сурвалж: AFP