Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТОКИО 2020: Гүржийн хоёр жүдоч Олимпын хотхоноос зөвшөөрөлгүй гарсан шалтгаанаар хөөгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гүрж улсаас Токио 2020 зуны олимпын наадамд оролцож, мөнгөн медаль зүүсэн жүдогийн хоёр эрэгтэй тамирчин хорио цээрийн дэглэм зөрчсөн шалтгаанаар Япон улсаас хөөгдөх болсныг өчигдөр зохион байгуулагчид нь зарлажээ.

Долдугаар сарын 23-нд зуны олимпын наадам эхэлсэн цагаас хойш анх удаа ийм шийтгэлийн арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Цар тахлын үеийн дүрмийн дагуу тамирчид олимпын хотхоноос зөвхөн тэмцээн уралдаан болох газруудад очих зорилгоор гарах эрхтэй. Харин Токио хотоор зугаалах, нийтийн тээврээр зорчих, ресторан, баар, фитнес төв зэргээр үйлчлүүлэхийг хориглож байгаа юм.

Важа Маргвелашвили, Лаша Шавдатуашвили нар өнгөрсөн Мягмар гарагт Токио Тауэрын дэргэд өөр хэд хэдэн хүнтэй хамт зургаа авхуулсан нь саяхан илэрсэн юм байна.

Маргвелашвили нь өнгөрсөн Ням гарагт 66 кг-ийн жинд Японы Хифуми Абэд, Шавдатуашвили нь Даваа гарагт 73 кг-ийн жинд Японы Шохэй Онод ялагдаж, тус тус мөнгөн медаль зүүж байжээ.

Гүржийн жүдочид олимпын хотхоноос гарч явсан шалтгаанаар хөөгдсөн анхны тамирчид болж байна.

Олимпын наадам эхлэхээс өмнө гэрээт байгууллагын нэр дээр гадаадаас ирсэн дөрвөн цахилгаанчин кокайн хэрэглэсэн хэрэгт холбогдон Япон улсаас хөөгдөж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News