Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийн хүчээр хөрөнгөжсөн тэрбумтан Өмнөд Солонгосын хамгийн баян хүн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Интернэтийн мессенжэр Какао үйлчилгээг үүсгэн байгуулагч, өөрийн хүчээр тэрбумтан болсон Ким Бём Сү Өмнөд Солонгосын хамгийн баян хүн болсныг Блүүмберг мэдээлжээ.

55 настай үүсгэн байгуулагчийн хөрөнгийн хэмжээ $13.4 тэрбумд хүрснээр Самсунгийн өв залгамжлагч, Самсунг Электрониксийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёны $12.1 тэрбумыг давж, жагсаалтын эхэнд бичигдсэн байна.

Энэ оны эхнээс Какао компанийн хувьцааны ханш 91 хувиар өссөн нь Ким Бём Сүгийн хөрөнгийг $6 тэрбумаар өсгөжээ.

Ким 2010 онд Kakao Talk нэртэй гар утасны мессенжэрийн үйлчилгээ нээсэн нь Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулсан юм. Үүний дараа тус компани мессенжэр дээрээ суурилсан санхүүгийн, такси дуудлагын, зугаа цэнгээний зэрэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ.

Удахгүй Kakao Bank нэртэй интернэтэд суурилсан банкны үйлчилгээ нь Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа зарж эхлэх юм.

Одоо Какао компани нь 66.23 их наяд воны үнэлгээгээр Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд Самсунг Электроникс, SK Hynix, Naver компаниудын дараа дөрөвт эрэмбэлэгдэж байна.

Махны худалдаачны хүү, жирийн гэр бүлээс гаралтай Ким Бём Сү ийнхүү улсынхаа тэргүүн баян болжээ.

Тэрбээр Сөүлийн Үндэсний Их сургуулийг аж үйлдвэрийн инженер мэргэжлээр төгсөөд Samsung SDS компаниас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байв.

Өнгөрсөн оны шинэ жилээр тэр өөрийн хөрөнгийн хагасыг буяны үйлсэд хандивлах амлалт өгсөн юм.

 

Эх сурвалж: Korea Times