Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт халалтын улмаас энэ зууны төгсгөл хүртэл дэлхий даяар 83 сая хүн амиа алдаж болзошгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буйгаас шалтгаалан дэлхийн цаг агаар үргэлжлэн халж, 2100 он хүртэл 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдахыг эрдэмтэд тооцоолжээ.

АНУ-ын Колумбын Их Сургуулийн дэргэдэх Дэлхий Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд уг дүгнэлтийг гаргасан байна.

Тэд уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг хэмжих шинэ хэмжүүрийг танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд, бизнесийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэчнээн хүний амийг аврах, эсвэл хохироохыг хэмждэг болсон байна.

2020 оны байдлаар агаар мандалд цацаж байгаа 4,434 тонн нүүрстөрөгчийн хий тутамд нэг хүний амь хохирч байгаа ажээ.

Одоогоор дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэмээр нэмэгдээд байгаа. Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл 2100 он гэхэд уг хэмжээ Цельсийн 4.1 хэм болох ажээ.

Үүний улмаас өнөөдрийн Герман улсын хүн амтай тэнцэх хэмжээний буюу 83 сая хүн дэлхийн дулаарлын улмаас амиа алдах тооцоо гарсан байна. Хохирогчдын ихэнх нь Африк, Ойрх Дорнод, Өмнөд Ази зэрэг дэлхий хамгийн ядуу, халуун уур амьсгалтай бүс нутгуудад байх гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн улс орнууд энэ зууны төгсгөлд дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2.4 хэмээр хязгаарлах зорилго тавьсан юм.

Хэрвээ ингэж чадвал 74 сая хүний амийг аврах тооцоо гарсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg