Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмаас гурван алтан медаль зүүсэн анхны тамирчин Өмнөд Солонгосын Ан Сан боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт байт сурын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Өмнөд Солонгосын тамирчин Ан Сан энэ удаагийн зуны олимпын наадмын анхны гурван алтан медальтан боллоо.

Үүнээс гадна байт сурын спортод нэг олимпоос гурван алтан медаль зүүсэн анхны тамирчин, зуны олимпоос гурван алтан медаль зүүсэн Өмнөд Солонгосын анхны тамирчин болжээ.

Өчигдөр тэрбээр Оросын тамирчин Елена Осиповаг 6-5 харьцаатай ялж, алтан медалийн эзэн болсон юм. Өмнө нь Ан Сан холимог баг, эмэгтэй багийн төрлүүдэд алтан медаль зүүгээд байжээ.

20 настай Ан Сан ийнхүү өөрийн анхны олимпын наадамд оролцохдоо хэд хэдэн дээд амжилтыг зэрэг тогтоож байна.

Тэмцээний турш тайван, дөлгөөн байсан Ан Сан гурав дахь алтан медалиа зүүсний дараа сэтгэлийн хөдөлгөөнөө анх удаа ил гаргасан юм.

“Бүх зүйл дууссаны дараа миний зүрх дэлбэрэх шиг л боллоо. Би үнэндээ гурав дахь алтан медаль зүүнэ гэж огт бодоогүй. Эхний хоёр медалийн дараа би зөвхөн азанд найдаж байсан. Өнөөдөр би азтай байлаа” гэж Ан Сан ярьжээ.

Өмнөд Солонгосын тамирчдаас шорт трэйкийн тамирчид болох Ан Хюн Сү, Жин Сүн Юү нар 2006 оны өвлийн олимпоос тус бүр гурван алтан медаль авч байсан юм.

Харин зуны олимпын наадмаас гурван алтан медаль авсан анхны тамирчин Ан Сан болж байна.

 

Эх сурвалж: Yonhap News